Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 14:13-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэгээд Израилийн хаан Иехоаш Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын Дааман Хаалганаас Булангийн Дааман Хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав.

14. Тэрээр ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг, мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ.

15. Иехоашийн хийсэн бусад үйлс, түүний хүч чадал хийгээд тэрээр Иудагийн хаан Амазиатай хэрхэн тулалдсан тухай Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

16. Ингээд Иехоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Израилийн хаадын хамт Самарид оршуулагдсан юм. Түүний хүү Иеробоам түүний оронд хаан болов.

17. Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа Израилийн хаан Иехоахазын хүү Иехоашийг нас барсны дараа арван таван жил амьдрав.

18. Амазиагийн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

19. Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн, түүнийг тэнд алжээ.

20. Тэгээд тэд шарилыг нь морин дээр авчирч, тэрээр Иерусалимд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдсан юм.

21. Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай Азариаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилсөн билээ.

22. Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елатыг босгон, Иудад нэгтгэв.

23. Иудагийн хаан Иоашийн хүү Амазиагийн арван тав дахь жилд Израилийн хаан Иоашийн хүү Иеробоам Самарид хаан болж, дөчин нэгэн жил захирав.

24. Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглүүдээс холдож зайлсангүй.

25. Өөрийн зарц, Гат-хеферт байсан, Амиттаин хүү эш үзүүлэгч Ионагаар дамжуулан айлдсан Израилийн Бурхан ЭЗЭНий үгийн дагуу тэрээр Израилийн хилийг Хаматын хоолойноос Арабын далай хүртэл сэргээн тогтоосон юм.

26. Учир нь Израилийн маш гашуун зовлон шаналлыг ЭЗЭН харжээ. Учир нь боол ч, чөлөөт хүн ч, Израильд туслах нэг ч хүн тэнд байхгүй болсон юм.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 14