Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 10:22-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Иехү хувцасны агуулахыг хариуцсан хүнд—Баалын бүх мөргөгчдөд хувцас авчрагтун гэж тушаасанд өнөөх хүн тэдэнд хувцас авч ирэв.

23. Иехү, Рехабын хүү Иехонадабын хамт Баалын сүм уруу ороод, Баалын мөргөгчдөд хандан—Энд та нарын хамт ЭЗЭНий зарц нараас нэг ч хүн байхгүй, харин гагцхүү Баалыг мөргөгчид л байх эсэхийг олж харагтун гэв.

24. Тэгээд тэд өргөл болон шатаалт тахилуудыг өргөхөөр дотогш оров. Иехү өөртөө зориулаад наян хүнийг гадаа байрлуулан зогсоож,—Би та нарын гарт оруулах хүмүүсээс нэгэнд ч гэсэн зугтах боломж олгосон хэн боловч түүний оронд өөрийн амийг өгнө шүү гэж анхааруулав.

25. Тэгээд тэрээр шатаалт тахил өргөж дуусмагц Иехү харгалзагч ба хааны түшмэдэд хандан—Дотогш ороод тэднийг алагтун. Нэг ч хүнийг бүү гарга гэв. Тэд илдний ирээр тэднийг алав. Харгалзагчид болон хааны түшмэд гарган хаяж, Баалын сүмийн дотоод өрөө уруу оров.

26. Тэд Баалын сүмийн баганануудыг гаргаад шатаав.

27. Тэд бас Баалын баганануудыг хугалан, Баалын сүмийг нурааж, жорлон болгож орхисон нь энэ өдрийг хүртэл байгаа билээ.

28. Ийнхүү Иехү Израилиас Баалыг устгав.

29. Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй.

30. ЭЗЭН Иехүд—Миний мэлмийд зөвийг гүйцэтгэснээрээ чи сайныг үйлдэж, Миний зүрхэн дэх бүхний дагуу Ахабын гэрт үйлдсэн тул чиний дөрөв дэх үеийн хөвгүүд чинь Израилийн сэнтийд заларна хэмээн айлджээ.

31. Гэвч Иехү бүх зүрх сэтгэлээсээ Израилийн Бурхан болох ЭЗЭНий хууль дотор алхахыг анхаарсангүй. Израилиар нүглийг үйлдүүлсэн Иеробоамын нүглүүдээс тэрээр салж ангижирсангүй.

32. Тэр өдрүүдэд ЭЗЭН Израилиас тасалж эхэлсэн юм. Хазаел Израилийн бүх газар нутагт тэднийг ялж байв.

33. Иорданы зүүнтэйд Гилеадын бүх нутгийг буюу гадчууд, реубенчүүд, манассечуудыг, мөн Арноны хөндий дэх Ареораас Гилеад, Башан зэргийг хүртэл ялав.

34. Иехүгийн бусад үйлс, түүний хийсэн бүгд, түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

35. Иехү эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Самарид оршуулсан юм. Түүний хүү Иехоахаз түүний оронд хаан болов.

36. Иехүгийн Самарид Израилийг захирсан хугацаа нь хорин найман жил байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 10