Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дэд 10:11-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Ингээд Иезреелд Ахабын гэрийнхнээс үлдсэн бүгдийг, түүний хүндэт хүмүүс, түүний дотнын хүмүүс, түүний тахилч нарыг, түүнд нэг хүнийг ч үлдээлгүйгээр Иехү хяджээ.

12. Тэгээд Иехү босон хөдлөж, Самари уруу явав. Замд түүнийг хоньчдын Бет-екед байх зуур

13. Иудагийн хаан Ахазиагийн төрөл садангуудтай Иехү тааралдаж,—Та нар хэн бэ? хэмээв. Тэд—Бид Ахазиагийн төрөл садан юм. Бид хааны хөвгүүд болон эх хатны хөвгүүдийн мэндийг асуух гэж яваа гэж хариулав.

14. Иехү—Тэднийг амьдаар нь баригтун гэж тушаахад тэднийг амьдаар нь барьж, дөчин хоёр хүнийг Бетекедийн нүхэнд хороов. Тэднээс хэнийг ч үлдээсэнгүй.

15. Тэрээр тэндээс холдохдоо өөртэй нь уулзахаар ирж буй Рехабын хүү Иехонадабтай уулзжээ. Иехү түүнтэй мэндлээд, түүнд—Миний зүрх чиний зүрхтэй хамт байгаачлан чиний зүрх зөв байна уу? гэхэд Иехонадаб—Тийм байна гэж хариулав.—Хэрэв тийм бол гараа өгөгтүн гэхэд тэрээр түүнд гараа өгсөнд Иехү түүнийг өөр уруугаа тэргэнд оруулав.

16. Иехү—Надтай хамт явж, ЭЗЭНий төлөөх миний зүтгэлийг харагтун гэв. Ингээд Иехү түүнийг тэргэндээ суулган явлаа.

17. Иехү Самарид ирээд Самарид Ахабт үлдсэн бүгдийг Елиад айлдсан ЭЗЭНий үгийн дагуу устгах хүртлээ алжээ.

18. Дараа нь Иехү бүх ард түмнийг цуглуулаад, тэдэнд—Ахаб Баалд жаахан л үйлчилсэн бол Иехү түүнд маш их үйлчилнэ.

19. Одоо Баалын бүх эш үзүүлэгчийг, бүх мөргөгч болон бүх тахилчийг нь цуглуул. Би Баалд үлэмж их тахил өргөх тул нэгийг нь ч бүү үлдээ. Үлдсэн хэн боловч амьд үлдэхгүй хэмээв. Харин Иехү Баалыг шүтэн бишрэгчдийг устгахын тулд ингэж залилан хэлжээ.

20. Иехү—Баалд зориулан ёслолын чуулганыг ариусгагтун гэсэнд тэд тунхаглав.

21. Тэгээд Иехү Израиль даяар хүн илгээсэн бөгөөд Баалын бүх мөргөгчид иржээ. Ирэлгүй үлдсэн нэг ч хүн байгаагүй юм. Тэд Баалын сүмд ороход Баалын сүм нэг захаас нөгөө зах хүртлээ дүүрсэн байв.

22. Иехү хувцасны агуулахыг хариуцсан хүнд—Баалын бүх мөргөгчдөд хувцас авчрагтун гэж тушаасанд өнөөх хүн тэдэнд хувцас авч ирэв.

23. Иехү, Рехабын хүү Иехонадабын хамт Баалын сүм уруу ороод, Баалын мөргөгчдөд хандан—Энд та нарын хамт ЭЗЭНий зарц нараас нэг ч хүн байхгүй, харин гагцхүү Баалыг мөргөгчид л байх эсэхийг олж харагтун гэв.

24. Тэгээд тэд өргөл болон шатаалт тахилуудыг өргөхөөр дотогш оров. Иехү өөртөө зориулаад наян хүнийг гадаа байрлуулан зогсоож,—Би та нарын гарт оруулах хүмүүсээс нэгэнд ч гэсэн зугтах боломж олгосон хэн боловч түүний оронд өөрийн амийг өгнө шүү гэж анхааруулав.

25. Тэгээд тэрээр шатаалт тахил өргөж дуусмагц Иехү харгалзагч ба хааны түшмэдэд хандан—Дотогш ороод тэднийг алагтун. Нэг ч хүнийг бүү гарга гэв. Тэд илдний ирээр тэднийг алав. Харгалзагчид болон хааны түшмэд гарган хаяж, Баалын сүмийн дотоод өрөө уруу оров.

26. Тэд Баалын сүмийн баганануудыг гаргаад шатаав.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дэд 10