Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 9:14-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэгтэл израильчууд тэдний хүнснээс хэсгийг авч, ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй.

15. Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй хийж, чуулганы удирдагчид тэдэнд тангараглав.

16. Тэдэнтэй гэрээ байгуулснаас хойш гурван хоногийн дараа тэд бол өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг нь израильчууд сонсов.

17. Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеарим зэрэг хотууд уруугаа гурав дахь өдрөө хүрч ирэв.

18. Чуулганы удирдагчид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан учир Израилийн хөвгүүд тэдэн уруу довтолсонгүй. Чуулган бүхэлдээ удирдагчдын эсрэг бувтнан байв.

19. Гэвч бүх удирдагчид хамаг чуулганд—Бид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан бөгөөд одоо бид тэдэнд хүрч чадахгүй болсон.

20. Харин бидний хийх зүйл бол тэдэнд өргөсөн тангаргаас няцсанаас болж уур хилэн бидэн дээр буухгүйн тулд бид тэднийг амьд үлдээнэ гэв.

21. Удирдагчид тэдэнд—Тэднийг амьд үлдээ гэсэн. Удирдагчдын тэдэнд хэлсний дагуу тэд хамаг чуулганы ус зөөгч ба мод түлээ бэлтгэгчид болов.

22. Ингээд Иошуа гибеончуудыг дуудан—Та нар манай газар нутагт амьдардаг атлаа “Бид та нараас алс хол байдаг” хэмээн юунд биднийг мэхэлсэн бэ?

23. Иймийн тул одоо та нар хараагдсан бөгөөд миний Бурханы гэрт түлээ бэлтгэх, ус зөөж үйлчлэхийн аль алинаас хэзээ ч чөлөөлөгдөхгүй гэлээ.

24. Тэд Иошуад—Энэ нутгийг бүхэлд нь та нарт өгч, уугуул нутгийнхныг нь та нарын өмнө устгахыг ЭЗЭН Бурхан тань Өөрийнхөө зарц Мосед хэрхэн тушаасныг бид тодорхой дуулсан учраас та нараас болж бид өөрсдийн амийн төлөө ихэд айсандаа үүнийг хийсэн юм.

25. Одоо харагтун, бид таны гарт байна. Өөрт чинь зөв зохистой, сайн гэж үзсэнээ л бидэнд хий гэж хариулав.

26. Ийнхүү Иошуа тэднийг Израилийн хөвгүүдийн гараас аварч, израильчууд ч тэднийг алсангүй.

27. Харин тэр өдөр Иошуа гибеончуудыг чуулганы болон ЭЗЭНий сонгосон газар дахь Түүний тахилын ширээний түлээ бэлтгэгч болон ус зөөгч болгон энэ өдрийг хүртэл ажиллуулав.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 9