Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 9:12-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Та нарыг зорин гарсан тэр өдөр энэ талхыг бид хүнс болгон гэрүүдээсээ авахад тэр нь бүлээн байсан. Харин одоо харагтун, энэ нь хатаж үйрчээ.

13. Мөн бидний дүүргэсэн энэ дарсны хөхүүрүүд шинэ байсан, харин одоо язарч урагдсан. Мөн бидний шаахай, хувцас хунар ч алс холын замд элэгдэн хуучрав гэлээ.

14. Тэгтэл израильчууд тэдний хүнснээс хэсгийг авч, ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй.

15. Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй хийж, чуулганы удирдагчид тэдэнд тангараглав.

16. Тэдэнтэй гэрээ байгуулснаас хойш гурван хоногийн дараа тэд бол өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг нь израильчууд сонсов.

17. Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеарим зэрэг хотууд уруугаа гурав дахь өдрөө хүрч ирэв.

18. Чуулганы удирдагчид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан учир Израилийн хөвгүүд тэдэн уруу довтолсонгүй. Чуулган бүхэлдээ удирдагчдын эсрэг бувтнан байв.

19. Гэвч бүх удирдагчид хамаг чуулганд—Бид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан бөгөөд одоо бид тэдэнд хүрч чадахгүй болсон.

20. Харин бидний хийх зүйл бол тэдэнд өргөсөн тангаргаас няцсанаас болж уур хилэн бидэн дээр буухгүйн тулд бид тэднийг амьд үлдээнэ гэв.

21. Удирдагчид тэдэнд—Тэднийг амьд үлдээ гэсэн. Удирдагчдын тэдэнд хэлсний дагуу тэд хамаг чуулганы ус зөөгч ба мод түлээ бэлтгэгчид болов.

22. Ингээд Иошуа гибеончуудыг дуудан—Та нар манай газар нутагт амьдардаг атлаа “Бид та нараас алс хол байдаг” хэмээн юунд биднийг мэхэлсэн бэ?

23. Иймийн тул одоо та нар хараагдсан бөгөөд миний Бурханы гэрт түлээ бэлтгэх, ус зөөж үйлчлэхийн аль алинаас хэзээ ч чөлөөлөгдөхгүй гэлээ.

24. Тэд Иошуад—Энэ нутгийг бүхэлд нь та нарт өгч, уугуул нутгийнхныг нь та нарын өмнө устгахыг ЭЗЭН Бурхан тань Өөрийнхөө зарц Мосед хэрхэн тушаасныг бид тодорхой дуулсан учраас та нараас болж бид өөрсдийн амийн төлөө ихэд айсандаа үүнийг хийсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 9