Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 8:18-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэгтэл ЭЗЭН Иошуад—Гарт чинь байгаа жадыг Аи тийш сунга. Учир нь Би тэр хотыг гарт чинь өгөх болно гэлээ. Ийнхүү Иошуа гартаа байсан жадыг хот уруу сунгав.

19. Бүгэлтэнд байсан эрчүүд байрнаасаа хурдан гарч, Иошуаг гараа сунгах үед хот уруу нэвтрэн гүйн орж, түүнийг эзлээд, яаравчлан хотод гал тавив.

20. Аин эрчүүд хойшоо эргэн хартал хотын утаа тэнгэр өөд олгойдож байлаа. Цөл уруу зугтаж байсан израильчууд мөшгөгчдийнхөө өөдөөс гэнэт эргэн довтолсонд, тэд цаашаа ч наашаа ч зугтах аргагүй болов.

21. Бүгэлтийнхэн хотыг эзэлж, хотоос утаа гарахыг Иошуа болон бүх Израиль хараад, эргэж Аин эрчүүдийг хядав.

22. Тэдэнтэй тулахаар бусад израильчууд ч хотоос гарч ирсэн учир тэд аль ч талаасаа израильчуудад хавчигдан, урхинд оров. Тэднээс амьд гарсан юм уу, зугтсан хэн ч үлдэхгүй болтол израильчууд тэднийг устгав.

23. Харин тэд Аин хааныг амьдаар нь барьж Иошуад авчрав.

24. Израильчууд Аин бүх хүмүүсийг өөрсдийг нь мөшгөн хөөж байсан цөл газрын хээр талд илдний ирээр хядаж дуусгаад, Аи уруу буцан очиж, тэнд байсан бүгдийг илдний ирээр цавчив.

25. Тэр өдөр алагдсан эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс арван хоёр мянга буюу Аин бүх хүмүүс байлаа.

26. Учир нь Аин бүх оршин суугчдыг хүйс тэмтэрч дуусталаа Иошуа жад сунгасан гараа буулгасангүй.

27. Иошуад тушаасан ЭЗЭНий зарлигийн дагуу тэр хотын зөвхөн мал сүрэг ба эд хөрөнгийг израильчууд өөрсдөдөө олз болгон авав.

28. Ийнхүү Иошуа Аиг галдан шатааж, түүнийг мөнхийн нуранги болгож, энэ нь өнөөг хүртэл балгас хэвээр байна.

29. Мөн Иошуа Аин хааныг үдэш болтол модноос дүүжилж, нар жаргах үед Иошуа тушаал өгч хааны цогцсыг модноос буулган аваад, хотын хаалганы үүдэнд хаясан бөгөөд түүний дээр том чулуун овоог босгосон нь өнөөг хүртэл байсаар байна.

30. Дараа нь Иошуа Ебал уулан дээр Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов.

31. Энэ нь ЭЗЭНий зарц Мосе израильчуудад тушаасны дагуу, Мосегийн хуулийн номд бичигдсэн ёсоор, төмөр багажаар засагдаж бутлаагүй чулуугаар барьсан тахилын ширээ юм. Израильчууд түүн дээр ЭЗЭНд зориулан шатаалт тахил болон эвийн тахил өргөв.

32. Тэнд Иошуа Израилийн хөвгүүдийн өмнө Мосегийн бичсэн хуулийг чулуунууд дээр хуулан бичив.

33. Гэрээний авдрын хоёр талаар бүх Израиль өөрийн ахмадууд, түшмэд, шүүгчидтэйгээ болон тэдний дунд уугуул ба харь нутгийнхны хамт ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан явдаг Левийн тахилч нарын өмнө зогсов. ЭЗЭНий зарц Мосе Израилийн ард түмнийг ерөөхийг анх тушаасны дагуу хүмүүсийн хагас нь Геризим уулын өвөрт, нөгөө хагас нь Ебал уулын өвөрт зогсоцгоожээ.

34. Ингээд дараа нь Иошуа уг хуулийн бүх үгсийг буюу ерөөл ба хараалыг хуулийн номд бичигдсэн ёсоор нь уншив.

35. Мосегийн тушаасан бүхнээс бүх Израилийн чуулган, эмэгтэйчүүд, хүүхэд хийгээд тэдний дунд амьдрагч харийнхны өмнө Иошуагийн уншаагүй нэг ч үг байсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 8