Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 7:13-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Бос, ард олныг ариусган тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израиль аа, та нарын дунд хориглогдсон зүйлс байна. Тэр зүйлсээ та нар дотроосоо зайлуулахаас нааш дайсныхаа эсрэг зогсож чадахгүй».

14. Тэгэхээр өглөө та нар овог овгоороо ойртон ир. ЭЗЭНий авах овог нь ураг ургаараа, ЭЗЭНий авах ураг нь бүл бүлээрээ, мөн ЭЗЭНий авах бүл хүн тус бүрээрээ ирэгтүн.

15. Хориглосон зүйлсийг авсан хүн, өөртөө байгаа бүхний хамт галд шатаагдана. Учир нь гэвэл тэр ЭЗЭНий гэрээг зөрчиж, Израильд шившигт зүйлийг үйлдсэн юм” гэж хэл гэлээ.

16. Ингээд Иошуа өглөө эртлэн босож, Израилийг овгуудаар нь авчрахад Иуда овог авагдав.

17. Иудагийн ургийг авчирсанд зерахчуудын ургийг авав. Зерахчуудын ургийг хүн тус бүрээр нь авчирсанд, Забди авагдав.

18. Иошуа түүний гэрийнхнийг хүн тус бүрээр нь авчрахад, Иуда овгийн Зерахын хүү, Забдийн хүү, Кармийн хүү Ахан авагджээ.

19. Иошуа Аханд—Хүү минь, би чамаас гуйя. Израилийн Бурхан ЭЗЭНд алдрыг өгч, Түүнд магтаал өргө. Тэгээд юу хийснээ одоо надад хэл. Үүнийгээ надаас бүү нуу гэлээ.

20. Тэгэхэд нь Ахан Иошуад хариулсан нь—Үнэхээр би Израилийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Миний хийсэн хэрэг гэвэл

21. олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайран тэдгээрийг авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс дороо мөнгөний хамт миний майхан доторх газарт нууцлагдсан байгаа гэв.

22. Иошуа элч нарыг явуулсанд тэд майхан уруу гүйн очиж харвал, тэдгээр зүйлс нь доороо мөнгөний хамт түүний майхан доторх газарт нууцлагдсан байв.

23. Тэд майхан дотроос тэдгээрийг авч, Иошуа болон Израилийн бүх хөвгүүдэд авчран, ЭЗЭНий өмнө асгав.

24. Ингээд Иошуа бүх Израилийн хамтаар Зерагийн хүү Аханыг мөнгө, өмсгөл, алтан гулдмай мөн түүний хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, майхан хийгээд түүнд байсан бүхнийг авч, Ахорын хөндийд авчрав.

25. Иошуа—Чи юунд биднийг зовоосон бэ? Энэ өдөр ЭЗЭН чамайг зовооно гэлээ. Ингээд бүх Израиль тэдэн уруу чулуу шидлэв. Тэдэн уруу чулуу чулуудсаны дараа галаар шатаав.

26. Тэгээд Аханы дээр том чулуун овоог босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Тэгээд ЭЗЭНий догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр ирэв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 7