Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 4:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд, мөн Манассегийн хагас овгийнхон тулалдааны бүрэн зэвсэгтэйгээр Мосегийн тэдэнд хэлсний дагуу Израилийн хөвгүүдийн тэргүүнд гаталж гарав.

13. Дайтахаар зэвсэглэсэн дөчин мянгаад хүн ЭЗЭНий өмнө тулалдахаар Иерихогийн тал газар уруу гатлав.

14. Тэр өдөр ЭЗЭН Иошуаг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилсөн нь тэд Мосег амьдралынх нь турш хүндэтгэж байсан шиг түүнийг ч мөн хүндэтгэхийн тулд билээ.

15. ЭЗЭН Иошуад—

16. Гэрчлэлийн авдрыг дамнасан тахилч нарт Иорданаас гарч ирэхийг тушаа гэж айлдав.

17. Тэгэхэд нь Иошуа тахилч нарт—Иорданаас гарч ир гэж тушаав.

18. ЭЗЭНий гэрээний авдрыг дамнасан тахилч нар Иордан голоос гарч ирж, тахилч нарын хөлийн ул хуурай газарт хүрэх үед Иорданы ус хуучин хэвэндээ орж, урьдынх шигээ бүх эргээ халин урсав.

19. Ард олон анхдугаар сарын аравны өдөр Иорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав.

20. Иорданаас тэдний авсан тэдгээр арван хоёр чулууг Иошуа Гилгалд овоолов.

21. Тэр Израилийн хөвгүүдэд—Ирэх цагт үр хүүхдүүд чинь эцгүүдээсээ “Энэ юун чулуунууд вэ?” хэмээн асуувал,

22. та нар тэдэнд “Израильчууд энэ Иорданыг хуурай газраар гаталсан юм” гэж хэл.

23. Учир нь биднийг гаталж дуустал ЭЗЭН Бурхан тань бидний өмнө Улаан тэнгисийг ширгээсний адилаар одоо ЭЗЭН Бурхан тань та нарыг гаталж дуустал Иорданы усыг та нарын өмнө ширгээсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 4