Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 22:4-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы чанад дахь эзэмшил нутагтаа, өөрсдийн майхнууддаа буцан очицгоо.

5. Харин зөвхөн ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан Бурхан ЭЗЭНийгээ хайрлан, Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахиж, Түүнээс бат барин, Түүнд бүх зүрх ба сэтгэлээрээ үйлчил хэмээх тушаал ба хуулиудыг сахихыг маш хянамгайгаар үйлд гэлээ.

6. Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав.

7. Манассегийн хагас овогт Мосе Башан дахь нутгийг эзэмшүүлж өгсөн, харин нөгөө хагаст нь Иошуа ах дүү нарынх нь дунд Иорданы баруун тал дахь нутгийг эзэмшүүлж өгөв. Тийнхүү Иошуа тэднийг майхнууд уруу нь илгээхдээ тэднийг ерөөн

8. хэлсэн нь—Майхнууд уруугаа их хөрөнгө, маш олон мал сүрэгтэй, мөнгө, алт, хүрэл, төмөр болон арвин их хувцастай буцан оч. Дайснуудынхаа олзыг ах дүү нартайгаа хуваа гэв.

9. Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн Шило дахь Израилийн хөвгүүдээс салж Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу эзэмшсэн Гилеадын эзэмшил нутаг уруугаа явав.

10. Канаан нутаг дахь Иорданы орчмын бүс нутагт ирэхдээ Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон тэнд, Иорданы дэргэд сүрлэг том тахилын ширээ босгосон байлаа.

11. Израилийн хөвгүүд үүнийг сонсоод—Харагтун, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн зааг дээр, Иорданы орчмын бүс нутагт, Израилийн хөвгүүдэд харьяалагдах талд тахилын ширээ босгосон билээ гэв.

12. Үүний тухай сонсоод Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган тэдний эсрэг явж дайтахаар Шилод цуглав.

13. Тэгээд Израилийн хөвгүүд Гилеадын нутаг уруу, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон уруу тахилч Елеазарын хүү Финехасыг явуулав.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 22