Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 22:17-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Пеорын хууль бус явдал бидэнд багадсан гэж үү? Хэдийгээр ЭЗЭНий чуулган дээр тэр гай гамшиг буусан ч, энэ өдрийг хүртэл бид түүнээс цэвэрлэгдээгүй байгаа.

18. Харин та нар энэ өдөр ЭЗЭНийг дагахаас буцаж байна гэж үү? Хэрэв та нар өнөөдөр ЭЗЭНийг тэрслэн босвол, маргааш Тэр Израилийн бүхэл чуулганд хилэгнэх болно.

19. Харин хэрэв эзэмшлийн нутаг тань цэвэр бус байгаа бол, ЭЗЭНий асар оршин буй ЭЗЭНий эзэмшлийн нутаг уруу гатлан ирж, бидний дунд оршин суугаач. Харин бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээнээс өөр тахилын ширээг өөрсдөдөө босгон ЭЗЭНий болон бидний эсрэг бүү тэрслэн босогтун.

20. Зерагийн хүү Ахан хориглогдсон зүйлсийн тухайд итгэлгүй хандахад уур хилэн Израилийн нийт чуулган дээр буугаагүй гэж үү? Гэм нүгэл хийснээсээ болж тэр хүн ганцаараа үхээгүй юм гэв.

21. Тэгтэл Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Израилийн ургуудын тэргүүлэгчидтэй ярин, хариулсан нь—

22. Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан, Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан! Тэр мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юм уу, ЭЗЭНий эсрэг итгэлгүй үйл байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг.

23. Хэрэв бид ЭЗЭНийг дагахаас эргэж, шатаалт буюу үр тариан, эсвэл эвийн тахилыг өргөлүүдийн дээр нь өргөхөөр өөрсдөдөө зориулан тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг.

24. Харин үнэндээ бид санаа зовсондоо, “Хожим танай үр удам манай үр удамд «Израилийн Бурхан ЭЗЭНтэй та нар ямар холбоотой юм бэ?

25. ЭЗЭН Иорданыг Реубен болон Гадын хөвгүүд та бидний хоорондох хил болгосон. Та нарт ЭЗЭНий дотор ямар ч хувь ногдол үгүй билээ» хэмээн хэлж, тийнхүү танай үр удам манай үр удмыг ЭЗЭНээс эмээхгүй болгож магадгүй” гэсэн учраас үүнийг хийсэн билээ.

26. Тийм учраас бид хэлэхдээ “Бүгдээрээ тахилын ширээ барьцгаая! Шатаалт тахил болон өргөлийн төлөө бус,

27. харин энэ нь та бидний ба бидний дараагийн үеийнхний хооронд бид ЭЗЭНий өмнө шатаалт тахил, өргөл болон эвийн тахилаараа ЭЗЭНий үйлчлэлийг бүтээхийн тулд бөгөөд хожим танай үр удам манай үр удамд «ЭЗЭНий дотор та нарт ямар ч хувь ногдол байхгүй» хэмээн хэлэхгүйн тулд гэрч болохын төлөө билээ” гэв.

28. Тийм учраас бид “Хэрэв тэд бидэнд, эсвэл хожим бидний үе удамд үүнийг хэлбэл бид тэдэнд «Бидний өвөг эцгүүд шатаалт тахил юм уу, өргөлийн төлөө бус, харин та бидний хооронд гэрчлэл болгохын тулд барьж босгосон ЭЗЭНий тахилын ширээний хуулбарыг хар» хэмээн хэлнэ” гэж хэллээ.

29. Бидний Бурхан ЭЗЭНий асрын өмнө байгаа Өөрийнх нь тахилын ширээнээс гадна, шатаалт ба үр тарианы тахилд болон өргөлд зориулан өөр тахилын ширээ босгосноор энэ өдөр ЭЗЭНий эсрэг тэрслэн, ЭЗЭНийг дагахаас эргэх явдал биднээс хол байг гэв.

30. Тийнхүү тахилч Финехас ба түүнтэй хамт байсан чуулганы удирдагчид болох Израилийн ургуудын тэргүүлэгчид Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдийн ярьсан үгийг сонсоод таашаав.

31. Тэгээд тахилч Елеазарын хүү болох Финехас нь Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдэд хэлсэн нь—ЭЗЭН бидний дунд байгааг өнөөдөр бид мэднэ, учир нь та нар ЭЗЭНий эсрэг энэ итгэлгүй үйлийг үйлдээгүй юм. Та нар Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий гараас аварлаа гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 22