Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 2:14-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Эрчүүд түүнд—Хэрэв чи бидний хэргийг ярихгүй бол бидний амь та нарын үхлийн оронд яваг. ЭЗЭН бидэнд энэ нутгийг өгөхөд бид та нартай энэрэнгүй бөгөөд үнэнчээр хандах болно гэлээ.

15. Тэр эмэгтэйн амьдарч байсан байшин нь хотын хананд байсан учраас тэр тэднийг цонхоороо олсоор дамжуулан доош буулгав.

16. Эмэгтэй тэдэнд—Мөшгөгчидтэй тааралдахгүйн тулд уулархаг нутаг уруу яв. Тэднийг буцаж иртэл тэндээ гурав хоног нуугд. Түүний дараа та нар замаараа явж болно гэв.

17. Тэр эрчүүд түүнд—Чи биднээр өөртөө тангараглуулсан энэ тангаргаас чинь бидний чөлөөлөгдөх нөхцөл бол

18. биднийг энэ нутагт орж ирэх үед, чи биднийг буулгасан цонхноосоо энэ час улаан уяаг уяагүй, мөн эцэг эх, ах дүү болон эцгийнхээ бүхий л гэр орныхныг гэртээ цуглуулаагүй тохиолдолд байх юм.

19. Хэрэв хэн нэгэн хүн гэрээс чинь гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид үүнд хариуцлага хүлээхгүй. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд аливаа хүн гар хүрэх юм бол цус нь бидний толгой дээр бууна.

20. Харин чи бидний энэ хэргийг ярих юм бол чи биднээр тангараглуулсан тангаргаас бид чөлөөлөгдөх болно гэв.

21. Эмэгтэй—Та нарын хэлснээр болог гэв. Ийнхүү тэр тэднийг явуулж, тэд салцгаав. Тэгээд тэр эмэгтэй час улаан уяаг цонхноосоо уяв.

22. Тэд салан явж, уулархаг нутагт очоод, мөшгөгчдийг буцтал гурав хоног тэндээ байв. Мөшгөгчид тэднийг бүхий л замын туршид хайсан боловч олсонгүй.

23. Дараа нь нөгөө хоёр хүн уулархаг нутгаас эргэн ирж, голыг гатлан, Нуны хүү Иошуа дээр очоод өөрсдөд нь тохиолдсон бүхнийг ярив.

24. Тэд Иошуад хэлэхдээ—ЭЗЭН үнэхээр бүх нутгийг бидний гарт өгсөн аж. Түүгээр барахгүй тэр нутгийн бүх оршин суугчид бидний өмнө зүрх алдаж байна гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 2