Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 14:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тиймээс тэр өдөр Мосе надад тангараглан хэлэхдээ “Хөл тавин алхсан тэр газар нутаг бол чамд болон үр хүүхдүүдэд чинь үүрд мөнхөд өв болох болно. Учир нь чи миний Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ” гэсэн.

10. Харин одоо харагтун, ЭЗЭН амласанчлан, Израиль цөл газарт явж байхад Мосе энэ үгийг хэлсэн үеэс хойш дөчин таван жилийн туршид ЭЗЭН намайг амьд байлгав. Ийнхүү өнөөдөр би наян таван нас хүрлээ.

11. Мосе намайг илгээсэн тэр өдрийнх шиг би хүчтэй хэвээрээ байна. Би яг л тэр үеийнх шигээ тулалдах, гадагш дотогш орж явах хүч тэнхээтэй байна.

12. Тэгэхээр одоо тэр өдөр ЭЗЭНий надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд анакчууд аугаа том бэхлэгдсэн хотуудтайгаа байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ ЭЗЭН надтай хамт байж, Түүний хэлсэнчлэн тэднийг би хөөн гаргаж ч болзошгүй юм гэв.

13. Тэгэхэд Иошуа Иефуны хүү Калебыг ерөөж, түүнд Хеброныг өв болгон өгөв.

14. Иймд Хеброн нь өнөөг хүртэл Кениз хүн болох Иефуны хүү Калебын өв болсон учир нь тэр Израилийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ.

15. Хеброныг анх Кириат-арба гэж нэрлэдэг байв. Учир нь анакчуудын дундаас хамгийн агуу хүн нь Арба байжээ. Ингээд тэр нутаг дайн дажингүй болов.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 14