Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иона 1:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж, айлдахдаа—

2. Босож, агуу их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь тэдний бузар булай нь Миний өмнө илэрхий гарч ирлээ гэв.

3. Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босов. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар тэнд суув.

4. ЭЗЭН далайд хүчит салхи илгээн, далайн шуурга босгосонд хөлөг онгоц сүйрэхэд хүрэв.

5. Тэгэхэд далайчид айж, хүн бүр өөрийн бурхнаа дуудаж, хөнгөн болгохын тулд хөлөг онгоцон дээрх ачаа тээшээ далай уруу хаяжээ. Харин Иона хөлөг онгоцны доод хэсэгт орж хэвтээд, гүн нойрсжээ.

6. Хөлөг онгоцны ахмад Ионагийн дэргэд ирж,—Чи яагаад унтана вэ? Босож, бурхнаа дууд! Бурхан бидэнд санаа тавьж, бид сөнөхгүй байж магадгүй шүү гэж хэлэв.

7. Хүмүүс бие биедээ—Ирцгээ, бидний энэ гамшиг хэнээс болж байгааг мэдэхийн тулд шавга татацгаая! гэцгээв. Ингээд тэд шавга татсанд уг шавга Иона дээр унав.

8. Тэд Ионад—Бидэнд одоо хэл! Бидний энэ гамшиг хэнээс болж байгаа вэ? Чи юу хийдэг хүн бэ? Чи хаанаас ирэв? Чиний улс орон аль вэ? Чи хаанахын ямар үндэстэн бэ? гэлцэв.

9. Иона тэдэнд—Би бол еврей хүн. Далай ба хуурай газрыг бүтээсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭНээс би эмээдэг юм гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иона 1