Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 7:25-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Та нарын эцэг өвгөд Египетийн нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн бүх зарц нар болох эш үзүүлэгчдийг илгээн, өдөр бүр эрт босож илгээсэн билээ.

26. Гэтэл тэд Намайг сонсоогүй, чихээ тавиагүй, харин хүзүүгээ хатууруулав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү бузар мууг үйлджээ.

27. Чи эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэх боловч тэд чамайг сонсохгүй. Чи тэднийг дуудах боловч тэд чамд хариулахгүй.

28. Чи тэдэнд “Энэ бол өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.

29. Үсээ тайрч хаяад,нүцгэн дов толгод дээр гашууд.Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон”.

30. “Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд бузар мууг үйлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Миний нэрээр нэрлэгддэг гэрт түүнийг бузарлахын тулд тэд өөрсдийн жигшүүрт зүйлсээ тавьсан билээ.

31. Тэд өөрсдийн охид, хөвгүүдийг галд шатаахаар Хинномын хөвгүүний хөндийд буй Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Би үүнийг тушаагаагүй бөгөөд энэ нь Миний санаанд орсонгүй юм.

32. Тиймээс үзэгтүн, энэ нь Тофет, эсвэл Хинномын хөвгүүний хөндий гэж дахин нэрлэгдэхгүй, харин Хядлагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь газар байхгүй тул тэд Тофетэд булшлах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

33. “Энэ хүмүүсийн хүүрүүд тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээхгүй.

34. Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг, мөн сүйт залуу болон сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь газар нутаг нуранги болно”.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 7