Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 7:12-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. “Би нэрээ эхэнд оршоосон Шилод байсан Миний газар уруу одоо очиж, Миний ард түмэн Израилийн хорон муу явдлаас болж Миний түүнд юу хийснийг хар.

13. Эдүгээ та нар эдгээр бүх зүйлсийг үйлдсэн тул” гэж ЭЗЭН ингэж тунхаглаж байна, “Мөн эрт босож ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсан боловч та нар хариулаагүй тул,

14. тиймээс та нарын итгэдэг, Миний нэрээр нэрлэгддэг өргөөд болон та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт Би Шилод үйлдсэн шигээ үйлдэнэ.

15. Та нарын бүх ах дүүс болох Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг Өөрийн мэлмийнээс гарган хаяна.

16. Чиний хувьд, энэ ард түмний төлөө бүү залбир, тэдний төлөө хашхиралт, залбирлыг бүү өргө. Надад зуучлан бүү залбир. Учир нь Би чамайг сонсохгүй.

17. Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжинд юу хийж байгааг нь чи харахгүй байна уу?

18. Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхийн тулд зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг асгадаг.

19. Тэд Намайг уурлуулдаг уу?» гэж ЭЗЭН тунхаглаж байна. ”Тэд өөрсдийгөө шившиглэн, өөрсдийгөө уурлуулж байгаа биш үү?”

20. Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Миний уур ба хилэн энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй”.

21. Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шатаалт тахилуудаа өргөлүүд дээрээ нэмж, мах ид.

22. Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гаргасан өдөр тэдэнд шатаалт тахил болон өргөлүүдийн талаар хэлээгүй, эсвэл тушаагаагүй юм.

23. Харин Миний тэдэнд тушаан хэлсэн нь энэ юм. ”Миний дуу хоолойг дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар Миний хүмүүс болно. Та нар сайн байхын тулд Миний та нарт тушаасан бүх замаар алхах болно”.

24. Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин өөрсдийн бузар муу зүрхний зөвлөгөө ба зөрүүд байдал дотор урагшаа бус, хойшоо явав.

25. Та нарын эцэг өвгөд Египетийн нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн бүх зарц нар болох эш үзүүлэгчдийг илгээн, өдөр бүр эрт босож илгээсэн билээ.

26. Гэтэл тэд Намайг сонсоогүй, чихээ тавиагүй, харин хүзүүгээ хатууруулав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү бузар мууг үйлджээ.

27. Чи эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэх боловч тэд чамайг сонсохгүй. Чи тэднийг дуудах боловч тэд чамд хариулахгүй.

28. Чи тэдэнд “Энэ бол өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.

29. Үсээ тайрч хаяад,нүцгэн дов толгод дээр гашууд.Учир нь ЭЗЭН Өөрийн уур хилэнгийн үе удмыг голж, орхисон”.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 7