Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 5:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, тэгээд харж ажигла.Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг нэг хүнийг чи олох гэж нээлттэй талбайнуудаар хай.Олбол Би тэр хотыг өршөөнө.

2. Тэд хэдийгээр «ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэдэг ч үнэндээ тэд хуурамчаар тангарагладаг.

3. Өө, ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу?Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй.Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан.Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан юм.

4. Тэгэхэд Би «Тэд зөвхөн ядуус, тэд мунхаг.Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэдэхгүй.

5. Би удирдагч нар дээр очиж, тэдэнтэй ярина.Учир нь тэд ЭЗЭНий зам, өөрсдийн Бурханы тогтоолыг мэддэг» гэж хэлэв.Гэвч тэд ч мөн адил нэгэн санаагаар буулгыг эвдэж, холбоосоо тасалсан.

6. Тийм учраас ойн арслан тэднийг алж,цөлийн чоно тэднийг устгана.Ирвэс хотуудыг нь харж байна.Хотоос гарах хүн бүр тастуулах болно.Учир нь тэдний нүглүүд их,тэдний итгэлээс няцах явдлууд тоолшгүй олон ажээ.

7. Би чамайг яагаад уучлах ёстой билээ?Чиний хүүхдүүд Намайг орхиж, бурхад биш болох тэдгээрээр тангарагласан шүү дээ.Би тэднийг цадтал хооллоход тэд завхайрч, янхны гэрт бөөнөөрөө цуглацгаасан билээ.

8. Тэд нэг бүр нь хөршийнхөө эхнэрийн хойноос янцгаах тарган цатгалан цоглог морьд байсан юм.

9. Би эдгээрийг үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна.Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?

10. Усан үзмийн эгнээгээр явж сүйтгэ, гэхдээ бүрмөсөн бүү устга.Түүний мөчрүүдийг ховхол, учир нь тэд ЭЗЭНийх биш юм.

11. Учир нь Израилийн гэр болон Иудагийн гэр Надад маш итгэлгүй хандав гэж ЭЗЭН тунхаглаж байна.

12. Тэд ЭЗЭНий тухай худал хэлж,«Энэ нь Тэр биш. Золгүй явдал бидэн дээр ирэхгүй. Бид өлсгөлөн, эсвэл илдийг үзэхгүй.

13. Эш үзүүлэгчид салхи мэт бөгөөд тэдний дотор үг алга.Ийнхүү тэдэнд ийн үйлдэгдэх болно гэдэг.

14. Тиймээс түмэн цэргийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.“Чи энэ үгийг хэлсэн тулүзэгтүн, Би чиний аманд Өөрийн үгсээ гал, энэ хүмүүсийг түлээ болгож, тэднийг шатаах болно.

15. Үзэгтүн, Би алс холоос чиний эсрэг нэгэн үндэстнийг авчирч байна, Израилийн гэр ээ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн. Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн. Тэдний юу хэлж байгааг нь ч чи ойлгож чадахгүй.

16. Тэдний саадаг нь онгорхой булш мэт бөгөөд тэд бүгд хүчирхэг хүмүүс юм.

17. Тэд чиний ургац болон хоол хүнсийг залгина.Тэд чиний хөвгүүд болон охидыг залгина.Тэд чиний хонин сүрэг болон үхэр сүргийг залгина.Тэд чиний усан үзэм болон инжрийн моддыг залгина.Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 5