Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 39:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Хотод үлдсэн бусад хүмүүс буюу түүн уруу очсон оргодлууд болон үлдсэн бусад хүмүүсийн хувьд, тэднийг харуулын ахмад Небузарадан Вавилон уруу цөллөгт аваачив.

10. Харин юу ч үгүй зарим хамгийн ядуу хүмүүсийг харуулын ахмад Небузарадан Иудагийн нутагт хойноо үлдээж, тэдэнд тэр үед усан үзмийн болон тариалангийн талбайнуудыг өгөв.

11. Вавилоны хаан Небухаднезар Иеремиагийн талаар харуулын ахмад Небузараданаар дамжуулан тушаал буулгахдаа—

12. Түүнийг аваад, асрамжилж, түүнд ямар ч муу юм бүү хий. Харин тэрээр чамд юу гэж хэлсний дагуу түүнтэй харьц гэв.

13. Тиймээс харуулын ахмад Небузарадан ахлах тайган Небушазбан, тэргүүн мэргэч Нергалсар-езер болон Вавилоны хааны бүх удирдах түшмэдийн хамт үг илгээв.

14. Тэд хүн явуулж, харуулын гэрийн хашаанаас Иеремиаг гарган авч, түүнийг Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад гэрт нь аваачуулахаар хариуцуулав. Ингээд тэрээр хүмүүсийн дунд үлджээ.

15. Иеремиаг харуулын гэрийн хашаанд хоригдон байх үед ЭЗЭНий үг түүнд ирж,

16. “Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, «Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. ”Үзэгтүн, Би энэ хотын дээр сайн сайхныг бус, гай гамшгийг буулгана гэсэн Миний үгс тэр өдөр чиний өмнө биелэгдэх болно.

17. Гэвч Би чамайг тэр өдөр аварна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чи өөрийн айдаг хүмүүсийн гарт өгөгдөхгүй.

18. Учир нь Би чамайг заавал аварч, чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэсэн тул өөрийн амиа олз мэт авна” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлээрэй” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 39