Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 36:20-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Ингээд тэд хашаан дахь хаан уруу явсан боловч хуйлмал номоо гүүш Елишамагийн танхимд хадгалж, бүх үгсийг хаанд мэдээлэв.

21. Дараа нь хаан хуйлмал номыг авахуулахаар Иехудиг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас түүнийг гаргаж авав. Иехуди түүнийг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэдэд уншиж өгөв.

22. Хаан өмнө нь хоовонд асаж буй галтай өвлийн ордонд есөн сард сууж байв.

23. Иехудиг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв.

24. Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгсийг сонссон түүний бүх зарц нар айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй.

25. Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмал номыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй.

26. Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух ба эш үзүүлэгч Иеремиаг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.

27. Тэгтэл, хуйлмал ном болон Барухын Иеремиагаар хэлүүлж бичсэн үгсийг шатаасны дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж,

28. “Ондоо хуйлмал номыг дахин авч, Иудагийн хаан Иехоиакимын шатаасан эхний хуйлмал номон дээр байсан урьдын бүх үгсийг түүн дээр бич.

29. Иудагийн хаан Иехоиакимын талаар чи «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яагаад чи үүн дээрээ Вавилоны хаан лавтай яа ирж, энэ нутгийг устгаж, хүн болон араатан амьтныг эндээс байхгүй болгоно” гэж бичив?» гэж хэлэн, энэ хуйлмал номыг шатаав”.

30. Тийм учраас Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Түүнд Давидын сэнтийд залрах хэн ч үгүй байх бөгөөд түүний үхсэн бие нь өдрийн бүгчим халуун болон шөнийн хүйтэн жаварт хаягдах болно.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 36