Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 34:10-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Хүн бүр өөрийн эрэгтэй, эмэгтэй боолоо чөлөөлөх ёстой бөгөөд ингэснээр хэн ч тэднийг дахин боолчлолд барихгүй гэсэн гэрээнд нэгдсэн бүх түшмэд болон бүх хүмүүс дагав. Тэд дагаж, тэднийг чөлөөлөв.

11. Гэвч дараа нь тэд эргээд өөрсдийн чөлөөлсөн эрэгтэй, эмэгтэй боолуудаа буцаан аваад, эрэгтэй, эмэгтэй боолуудаа эрхшээлдээ оруулав.

12. Тэгэхэд ЭЗЭНий үг Иеремиад ЭЗЭНээс ирж,

13. “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би та нарын эцэг өвгөдийг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргаж авчирсан тэр өдөр тэдэнтэй гэрээ байгуулж,

14. ”Долоон жилийн эцэст та нарын хүн нэг бүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй юм.

15. Хэдийгээр саяхан та нар эргэж, хүн нэг бүр хөршдөө эрх чөлөөг тунхаглан Миний мэлмийд зөвийг үйлдэж, Миний нэрээр дуудагдсан өргөөнд Миний өмнө гэрээ байгуулсан

16. боловч та нар эргэж, Миний нэрийг бузарлаж, тэдний хүслийн дагуу өөрсдийн чөлөөлсөн өөрийн эрэгтэй, эмэгтэй боолыг хүн нэг бүр буцааж авсан бөгөөд та нар тэднийг өөрсдийн эрэгтэй, эмэгтэй боол болгохоор эрхшээлдээ оруулсан билээ” гэж айлджээ» хэмээв.

17. Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэг бүр өөрийн ах дүү болон өөрийн хөршид эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнд эрх чөлөөг тунхаглаж байна. Би та нарыг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18. «Тэд тугалыг хоёр хэсэгт огтолж, хэсгүүдийнх нь дундуур өнгөрчээ. Миний гэрээг зөрчсөн, Миний өмнө өөрсдийн байгуулсан гэрээний үгсийг биелүүлээгүй хүмүүсийг буюу

19. тугалын хэсгүүдийн дундуур өнгөрсөн Иудагийн түшмэд, Иерусалимын түшмэд, шүүхийн түшмэд, тахилч нарыг болон нутгийн бүх хүмүүсийг

20. Би тэдний дайснуудын гарт болон тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт тушаана. Тэдний хүүрүүд тэнгэрийн шувуудын болон газрын араатан амьтдын идэш болно.

21. Иудагийн хаан Зедекиаг болон түшмэдийг нь Би тэдний дайснуудын гарт, тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт болон та нараас холдон явсан Вавилоны хааны цэргүүдийн гарт тушаана.

22. Үзэгтүн, Би тушаах гэж байгаа бөгөөд Би тэднийг энэ хот уруу буцааж авчирна. Тэд түүний эсрэг тулалдаж, түүнийг эзлэн аваад, галдан шатаана. Би Иудагийн хотуудыг оршин суугчгүй зэлүүд газар болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 34