Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 32:22-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэдний эцэг өвгөдөд нь өгөхөөр Өөрийн амласан нутаг болох сүү балаар бялхсан нутгийг тэдэнд өгсөн билээ.

23. Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тийм учраас Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.

24. Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелсэн билээ. Үзэгтүн, Та хардаг билээ.

25. Өө, Эзэн БУРХАН, хэдийгээр хот халдеичуудын гарт өгөгдсөн ч гэсэн Та надад «Өөртөө мөнгөөр талбай худалдан авч, гэрчүүдийг дууд» гэсэн билээ” гэжээ.

26. Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж, айлдахдаа

27. “Үзэгтүн, Би бол ЭЗЭН, бүх махан биеийн Бурхан. Надад ямар нэгэн зүйл дэндүү хэцүү юу?”.

28. Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотыг халдеичуудын гарт болон Вавилоны хаан Небухаднезарын гарт өгөх гэж байгаа бөгөөд тэрээр хотыг авах болно.

29. Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин, дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.

30. Үнэндээ Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүд залуу үеэсээ Миний мэлмийд зөвхөн бузар мууг үйлдэж байсан билээ. Учир нь Израилийн хөвгүүд өөрсдийн гарын бүтээлээр Намайг зөвхөн уурлуулж байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

31. Үнэндээ Надад энэ хот тэднээр баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл Миний уур болон Миний хилэн байсан нь Миний нүүр царайны өмнөөс зайлуулагдахын тулд юм.

32. Энэ нь Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Иерусалимын оршин суугчдын буюу Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүдийн үйлдсэн бүх бузар муугаас болсон юм.

33. Тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав. Хэдийгээр тэдэнд дахин, дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв.

34. Харин тэд Миний нэрээр дуудагдсан өргөөг бузарлахын тулд түүн дотор өөрсдийн жигшүүрт зүйлсээ тавьдаг.

35. Тэд өөрсдийн хөвгүүд ба охидыг Молехт зориулан гал дундуур өнгөрүүлэхийн тулд Бен-хинномын хөндий дэх Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьдаг. Би тэдэнд үүнийг тушаагаагүй бөгөөд Иудагаар нүгэл үйлдүүлэхийн тулд тэд энэ жигшүүрт зүйлийг хийх нь Миний оюун бодолд ч орсонгүй.

36. Тийм учраас одоо Израилийн Бурхан ЭЗЭН «Энэ нь илд, өлсгөлөн болон тахлаар Вавилоны хааны гарт тушаагдсан» гэж чиний хэлж буй энэ хотын талаар ингэж айлдаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 32