Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 32:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хаан Зедекиагийн арав дахь жилд буюу Небухаднезарын найм дахь жилд ЭЗЭНээс Иеремиад үг ирэв.

2. Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв.

3. Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжин,—Чи яагаад эш үзүүлэн, “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна.

4. Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана.

5. Тэрээр Зедекиаг Вавилон уруу аваачих бөгөөд Намайг түүн дээр иртэл Зедекиа тэнд байх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Хэрэв чи халдеичуудын эсрэг тулалдвал, чи дийлэхгүй» гэж хэлнэ вэ?” гэжээ.

6. Иеремиа—ЭЗЭНий үг над уруу ирж,

7. “Үзэгтүн, чиний авга ах Шаллумын хүү Ханамел чам уруу ирж байгаа бөгөөд «Анатот дахь миний талбайг өөртөө худалдан авагтун. Учир нь худалдан авах золилтын эрх нь чамд бий» гэж байна” гэсэн.

8. Тэгтэл авга ахын минь хүү Ханамел ЭЗЭНий үгийн дагуу харуулын хашаанд над уруу ирж, надад Бениамины нутагт орших Анатот дахь миний талбайг худалдан аваач. Учир нь чамд эзэмших эрх байгаа ба золилт нь чинийх билээ. Өөртөө худалдан аваач” гэж хэлэв. Тэгэхэд үүнийг ЭЗЭНий үг байна гэдгийг би мэдэв.

9. Би өөрийн авга ахын хүү Ханамелаас Анатот дахь талбайг худалдан авч, түүнд арван долоон шекел мөнгө хэмжиж өгөв.

10. Би гарын үсгээ зурж, баримт бичгийг битүүмжлэн, гэрчүүдийг дуудан, мөнгийг жин дээр хэмжиж өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 32