Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 27:9-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. “Харин та нарын хувьд, та нартай ярин «Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй» гэж хэлдэг өөрсдийн эш үзүүлэгчид, төлөгчид, зүүд тайлагчид, ид шидтэнүүд, эсвэл илбэчдийг бүү сонс.

10. Учир нь тэд та нарыг газар нутгаас чинь хол зайлуулахын тулд та нарт худлыг эш үзүүлдэг. Би та нарыг хөөн зайлуулах бөгөөд та нар мөхнө.

11. Харин хүзүүгээ Вавилоны хааны буулган доор хийж, түүнд үйлчлэх үндэстнүүдийг Би газар нутагт нь үлдээх бөгөөд тэд газар хагалж, тэнд амьдрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэл”.

12. Би эдгээр бүхэнтэй адил үгсийг Иудагийн хаан Зедекиад ярьж,—Өөрийн хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд болон түүний ард түмэнд үйлчилж, амьдар!

13. Вавилоны хаанд үйлчлэхгүй үндэстэнд ЭЗЭНий айлдсан шиг чи болон чиний ард түмэн илд, өлсгөлөн болон тахлаар үхэж яах юм бэ?

14. Тиймээс “Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй” гэж чамд хэлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд чамд худлыг эш үзүүлдэг.

15. Учир нь Би тэднийг илгээгээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Харин, Би та нарыг зайлуулж, та нар болон та нарт эш үзүүлдэг эш үзүүлэгчид мөхөхийн тулд тэд Миний нэрээр хуурмагаар эш үзүүлдэг” гэж хэлэв.

16. Би тахилчдад болон энэ бүх ард түмэнд хандан—ЭЗЭН ингэж айлдаж байна. Та нарт “Үзэгтүн, ЭЗЭНий өргөөний сав суулгууд удахгүй Вавилоноос авчрагдана” гэж хэлэн эш үзүүлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд та нарт худлыг эш үзүүлдэг.

17. Тэднийг бүү сонс. Вавилоны хаанд үйлчилж, амьдар! Энэ хот юунд сүйрэх ёстой юм бэ?

18. Харин тэд эш үзүүлэгчид мөн болоод ЭЗЭНий үг тэдэнтэй хамт байгаа бол, ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудыг Вавилон уруу явуулахгүйн төлөө түмэн цэргийн ЭЗЭНээс тэд одоо гуйг.

19. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН багананууд, тэнгис, тавиурууд болон энэ хотод үлдсэн бусад сав суулгуудын талаар буюу

20. Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Иуда, Иерусалимын бүх ноёдыг Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явахдаа Вавилоны хаан Небухаднезарын аваагүй сав суулгуудын талаар ингэж айлдаж байна.

21. Тийм ээ, ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудын талаар Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.

22. “Тэднийг Вавилонд аваачих бөгөөд Би тэдний дээр ирэх өдөр хүртэл тэд тэнд байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Дараа нь Би тэднийг буцаан авчирч, тэднийг энэ газарт сэргээнэ” гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 27