Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 25:11-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ.

12. Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг тэдний гэм буруугийн төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

13. «Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан Өөрийн бүх үгсийг, бүх үндэстнүүдийн эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна.

14. (Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднээс, тэднийг хүртэл боол болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө.)» хэмээв”.

15. Учир нь Израилийн Бурхан, ЭЗЭН надад ингэж айлдаж байна. “Миний мутраас уур хилэнгийн дарсны энэ аягыг авч, Миний чамайг илгээх бүх үндэстэнд түүнийг уулга.

16. Тэд ууж, гуйван, тэдний дунд Миний илгээх илднээс болж галзуурна”.

17. Тэгээд би ЭЗЭНий мутраас аягыг авч, ЭЗЭНий намайг илгээсэн бүх үндэстэнд түүнийг уулгав.

18. Иерусалим, Иудагийн хотуудад, түүний хаад болон түүний ноёдод уулгасан нь тэднийг энэ өдөрт мэт сүйрэл, айдас, харуусал болон хараал болгохын тулд юм.

19. Египетийн хаан Фараон, түүний зарц нар, түүний ноёд, болон түүний бүх ард түмэн,

20. харийн бүх хүмүүс, Уз нутгийн бүх хаад, филистчүүдийн нутгийн бүх хаад (Ашкелон, Газ, Екрон ба Ашдодын үлдэгсэд),

21. Едом, Моаб, болон Аммоны хөвгүүд,

22. Тирийн бүх хаад, Сидоны бүх хаад болон тэнгисээс цааш орших арлуудын хаад,

23. Дедан, Тема, Буз болон булангуудыг огтолдог хүмүүс,

24. Арабын бүх хаад болон цөлд оршин суудаг харийн хүмүүсийн бүх хаад,

25. Зимрийн бүх хаад, Еламын бүх хаад болон Медийн бүх хаад,

26. өөр хоорондоо ойр хол байдаг хойд зүгийн бүх хаад, мөн газрын гадаргуу дээрх газар дэлхийн бүх хаанчлал ууж, Шешахын хаан тэдний дараа уух болно.

27. “Чи тэдэнд «Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Та нарын дунд Миний илгээх илдний улмаас ууж, согтууран, бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 25