Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 23:4-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Би бас тэдний дээр байх, тэднийг хариулах хоньчдыг томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч дутагдахгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

5. “Харагтун, Би Давидад зөв шударга Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Тэрээр хаан мэт захирч, мэргэн ухаанаар үйлдэж,энэ газар нутагт шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэнэ.

6. Түүний өдрүүдэд Иуда аврагдаж,Израиль аюулгүй амьдарна.Түүний дуудагдах нэр нь «ЭЗЭН бол бидний зөв шударга» юм”.

7. ЭЗЭН тунхаглаж байна “Тийм учраас үзэгтүн, тэд «Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргасан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэхээ больж,

8. харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон Миний тэднийг зайлуулсан бүх орнуудаас авчирч, удирдсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгэхэд тэд өөрсдийн хөрсөн дээр амьдарна”.

9. Эш үзүүлэгчдийн тухайд,зүрх минь миний дотор эмтэрч,бүх яс минь чичирнэ.ЭЗЭНээс болон Түүний ариун үгсээс болж би согтуу хүн мэт,дарсанд дийлдсэн хүн мэт болов.

10. Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв.Учир нь энэ нутаг хараалаас болж гашууддаг.Цөлийн бэлчээрүүд ганджээ.Тэдний зам бас бузар муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.

11. “Учир нь эш үзүүлэгч, тахилчийн аль аль нь бузарлагдав.Өөрийн өргөөнд хүртэл Би тэдний хорон муу зүйлсийг оллоо” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

12. “Тийм учраас тэдний зам өөрсдөд нь халтиргаатай зам мэт байх болно.Тэд түнэр харанхуй уруу зайлуулагдаж, тийшээ унана.Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

13. “Үүнээс гадна, Самарийн эш үзүүлэгчдийн дунд Би эвгүй муухай зүйл харав.Тэд Баалаар эш үзүүлж, Миний ард түмэн болох Израилийг төөрүүлж байв.

14. Би мөн Иерусалимын эш үзүүлэгчдийн дунд аймшигтай муухай зүйл харав.Тэр нь садар самуун болоод худал хуурмагаар алхах нь юм.Тэд бузар мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлдэг.Иймээс хэн нь ч өөрийн муу муухайгаасаа эргэсэнгүй.Тэд бүгд Надад Содом мэт буюу оршин суугчид нь Гоморра мэт болов.

15. Тийм учраас эш үзүүлэгчдийн тухайд түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.«Үзэгтүн, Би тэднийг агиар тэжээж,тэдэнд хортой ус уулгах гэж байна.Учир нь Иерусалимын эш үзүүлэгчдээс бүх газар нутагт бузар тарав» хэмээв”.

16. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Та нарт эш үзүүлж байгаа эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс.Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна.Тэд ЭЗЭНий амаас бус, өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 23