Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 23:14-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Би мөн Иерусалимын эш үзүүлэгчдийн дунд аймшигтай муухай зүйл харав.Тэр нь садар самуун болоод худал хуурмагаар алхах нь юм.Тэд бузар мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлдэг.Иймээс хэн нь ч өөрийн муу муухайгаасаа эргэсэнгүй.Тэд бүгд Надад Содом мэт буюу оршин суугчид нь Гоморра мэт болов.

15. Тийм учраас эш үзүүлэгчдийн тухайд түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.«Үзэгтүн, Би тэднийг агиар тэжээж,тэдэнд хортой ус уулгах гэж байна.Учир нь Иерусалимын эш үзүүлэгчдээс бүх газар нутагт бузар тарав» хэмээв”.

16. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Та нарт эш үзүүлж байгаа эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс.Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна.Тэд ЭЗЭНий амаас бус, өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.

17. Намайг басамжилдаг хүмүүст тэд«ЭЗЭН “Та нар амар амгалан байх болно” гэж айлдав» гэж хэлсээр байдаг.Зүрхнийхээ гөжүүд байдлын дагуу явагч бүрд тэд «Та нар дээр гай гамшиг ирэхгүй» гэдэг.

18. Харин Түүний үгийг харж, сонсохын тулд хэн ЭЗЭНий зөвлөл дотор зогссон юм бэ?Хэн Түүний үгийг анхаарч, сонссон бэ?

19. Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга уур хилэнгээр гарчээ.Тэр нь хорон муугийн толгой дээр хуйлран эргэлдэнэ.

20. Тэрээр Өөрийн зүрхний зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй.Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг тодорхой ойлгох болно.

21. Би эш үзүүлэгчдийг илгээгээгүй, гэвч тэд гүйдэг.Би тэдэнд яриагүй боловч тэд эш үзүүлэв.

22. Харин хэрэв тэд Миний зөвлөгөө дотор зогссон бол,тэд Миний үгсийг Миний ард түмэнд тунхаглаж,тэднийг бузар муу замаас нь болон үйлдлийнх нь бузар муугаас буцаан эргүүлэх байсан.

23. Би алс холын Бурхан биш,харин ойрхон байх Бурхан уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

24. “Би түүнийг харахгүйгээр хүн өөрийгөө хоргодох газар нууж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Би тэнгэрүүд болон газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

25. “Миний нэрээр хуурамчаар эш үзүүлдэг эш үзүүлэгчид ”Би зүүд зүүдэллээ, би зүүд зүүдэллээ!» гэж юу хэлснийг Би сонссон билээ.

26. Хэдий болтол вэ? Хуурмагийг эш үзүүлдэг эш үзүүлэгчдийн буюу өөрсдийн зүрхний төөрөгдлийн эш үзүүлэгчдийн зүрхэнд юм байна уу?

27. Тэдний эцэг өвгөд Баалаас болж Миний нэрийг мартсантай адил тэд бие биендээ хэлдэг өөрсдийн зүүдээрээ Миний хүмүүст Миний нэрийг мартуулахыг боддог.

28. Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлж болно. Харин Миний үгтэй нэгэн Миний үгийг үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

29. “Миний үг галтай адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чулууг бутлах алхтай адил биш гэж үү?

30. Тийм учраас үзэгтүн, Миний үгсийг бие биенээсээ хулгайлдаг эш үзүүлэгчдийн эсрэг Би байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

31. “Үзэгтүн, Би өөрсдийнхөө хэлийг ашиглан, «ЭЗЭН тунхаглаж байна» гэж тунхагладаг эш үзүүлэгчдийн эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

32. “Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн, тэднийг хэлж, өөрсдийн худал хуурмаг болон болчимгүй сайрхлаараа Миний хүмүүсийг төөрүүлсэн тэдний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Гэтэл Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 23