Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 23:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Миний бэлчээрийн хоньдыг тараан бутрааж, сүйтгэж байгаа хоньчид гаслантай яа!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

2. Тийм учраас Миний ард түмнийг хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар Миний хонин сүргийг тарааж, хөөж зайлуулан, тэднийг халамжилсангүй. Үзэгтүн, Би та нарын үйлсийн бузар муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

3. “Тэгээд Би Өөрөө хонин сүргийнхээ үлдэгсдийг Өөрийн хөөн зайлуулсан нутгаас цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд үр жимс гаргаж, үржинэ.

4. Би бас тэдний дээр байх, тэднийг хариулах хоньчдыг томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч дутагдахгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

5. “Харагтун, Би Давидад зөв шударга Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Тэрээр хаан мэт захирч, мэргэн ухаанаар үйлдэж,энэ газар нутагт шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэнэ.

6. Түүний өдрүүдэд Иуда аврагдаж,Израиль аюулгүй амьдарна.Түүний дуудагдах нэр нь «ЭЗЭН бол бидний зөв шударга» юм”.

7. ЭЗЭН тунхаглаж байна “Тийм учраас үзэгтүн, тэд «Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргасан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэхээ больж,

8. харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон Миний тэднийг зайлуулсан бүх орнуудаас авчирч, удирдсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгэхэд тэд өөрсдийн хөрсөн дээр амьдарна”.

9. Эш үзүүлэгчдийн тухайд,зүрх минь миний дотор эмтэрч,бүх яс минь чичирнэ.ЭЗЭНээс болон Түүний ариун үгсээс болж би согтуу хүн мэт,дарсанд дийлдсэн хүн мэт болов.

10. Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв.Учир нь энэ нутаг хараалаас болж гашууддаг.Цөлийн бэлчээрүүд ганджээ.Тэдний зам бас бузар муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.

11. “Учир нь эш үзүүлэгч, тахилчийн аль аль нь бузарлагдав.Өөрийн өргөөнд хүртэл Би тэдний хорон муу зүйлсийг оллоо” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

12. “Тийм учраас тэдний зам өөрсдөд нь халтиргаатай зам мэт байх болно.Тэд түнэр харанхуй уруу зайлуулагдаж, тийшээ унана.Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

13. “Үүнээс гадна, Самарийн эш үзүүлэгчдийн дунд Би эвгүй муухай зүйл харав.Тэд Баалаар эш үзүүлж, Миний ард түмэн болох Израилийг төөрүүлж байв.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 23