Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иеремиа 16:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНий үг над дээр бас ирж, айлдахдаа

2. “Чи өөртөө эхнэр авах ёсгүй бөгөөд энэ нутагт хөвгүүд, охидтой ч болох ёсгүй” гэв.

3. Учир нь энэ нутагт төрдөг охид, хөвгүүдийн талаар, тэднийг төрүүлдэг эхчүүд болон энэ нутагт тэднийг олсон эцгүүдийнх нь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.

4. “Тэд хөнөөлт өвчнөөр үхэж, тэдний төлөө гашуудахгүй ба тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадарга дээр ялгадас мэт байж, илд болон өлсгөлөнгөөр эцэс болж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын хоол болно”.

5. Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Гашуудлын гэрт битгий ор, гашуудахаар, эсвэл тэднийг тайтгаруулахаар бүү яв. Учир нь Би энэ ард түмнээс Өөрийн амар амгалан, хайр энэрэл, өршөөлөө буцааж авсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

6. “Том болон жижиг бүх хүмүүс энэ нутагт үхнэ. Тэд оршуулагдахгүй, тэдний төлөө гашуудахгүй бөгөөд тэдний төлөө хэн ч биеэ огтолж, толгойн үсээ хусахгүй.

7. Хүмүүс үхэгсдийн төлөө хэн нэгнийг тайвшруулахаар, тэдний төлөө гашуудан талх хуваахгүй, эсвэл хэн нэгний эцэг эхийнхээ төлөө уухаар тайвшруулах аягыг тэдэнд өгөхгүй.

8. Үүнээс гадна чи идэж уухаар тэдэнтэй хамт суухын тулд найрын гэрт орох ёсгүй”.

9. Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чиний нүдний өмнө болон чиний цаг үед энэ газраас баяр хөөр болон баяслын дууг, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу хоолойг алга болгоно”.

10. Чи эдгээр бүх үгсийг энэ ард түмэнд хэлэхэд тэд чамд “Ямар учраас ЭЗЭН энэ бүх агуу гай гамшгийг бидний эсрэг тунхагласан юм бэ? Бидний гэм буруу юу юм бэ? Эсвэл бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий эсрэг үйлдсэн нүгэл маань юу юм бэ?” гэж хэлнэ.

11. Тэгэхэд чи тэдэнд “Та нарын эцэг өвгөд Намайг орхиж өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн, тэдэнд мөргөснөөс болсон юм. Харин Намайг тэд орхиж, Миний хуулийг сахиагүй билээ” гэж ЭЗЭН айлдаж байна.

12. “Та нар ч бас эцэг өвгөдөөсөө илүүгээр хорон мууг үйлдэв. Үзэгтүн, та нарын хүн нэг бүр Намайг сонсохгүйгээр өөрсдийнхөө бузар муу зүрхний гөжүүд байдлын дагуу явж байна.

бүрэн бүлгийг уншина уу Иеремиа 16