Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 9:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эдгээр явдал өнгөрсний дараа ноёд надад хандан, хэлрүүн—Израилийн ард түмэн, тахилч нар болон левичүүд нь энэ нутгийн хүмүүсээс өөрсдийгөө тусгаарлалгүй, канаанчууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд, аммончууд, моабчууд, египетчүүд ба аморичуудын жигшүүрт зүйлийг дагаж,

2. тэдний охидоос өөрсдөдөө болон хөвгүүддээ эхнэр болгон авч, ариун үндэстэнг тэр газрын ард түмнүүдтэй холилдуулсан юм. Үнэндээ ноёд, захирагчдын гар энэхүү итгэлгүй байдалд хамгийн түрүүнд оролцсон гэв.

3. Энэ явдлын тухай би сонсоод өөрийн хувцас, нөмрөгөө урж, толгой, сахлынхаа үсийг зулгаан, балмагдан суув.

4. Тэгэхэд цөлөгдөгсдийн үнэнч бус байдлын улмаас Израилийн Бурханы үгсээс айн сүрдсэн хүн бүр над дээр цугларч, би оройн тахил хүртэл балмагдсан хэвээр суув.

5. Гэвч оройн тахилын үед би өнөө уранхай хувцас, нөмрөгтэйгөө өөрийн дорд байдлаас босож, өвдөг сөхрөн унаж, өөрийн Бурхан ЭЗЭНд гараа сунгав.

6. Тэгээд би—Өө, Бурхан минь! Би Тан уруу нүүрээ өргөхөөс ичин зовж байна, Бурхан минь. Учир нь бидний хууль бус явдал бидний толгойгоос давж, бидний гэм буруу тэнгэрт тултлаа өсжээ.

7. Бидний эцэг дээдсийн өдрүүдээс энэ өдрийг хүртэл бид үлэмж буруутай байсаар, бидний гэм нүглийн улмаас бид болон манай хаад, тахилч нар дэлхийн хаадын гарт, сэлмэнд, олзонд, мөн дээрэм тонуул болон илт гутамшигт өнөөдрийнх шиг өгөгдсөн билээ.

8. Гэвч одоо богинохон хугацаанд бидний Бурхан ЭЗЭН нигүүлслээ бидэнд үзүүлж зугтсан үлдэгсдийг орхин, Өөрийн ариун газарт гадас өгсөн. Ингэснээр бидний Бурхан бидний нүдийг гэгээрүүлэн, боолчлолд байхад маань багахан сэргэлтийг соёрхох юм.

9. Бид боол хэдий ч биднийг боолчлолд байхад бидний Бурхан биднийг орхисонгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд хайр энэрлээ үзүүлэн, биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон, түүний нурангийг сэргээн, бидэнд Иуда болон Иерусалимд хамгаалах хэрмийг өгчээ.

бүрэн бүлгийг уншина уу Езра 9