Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 6:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгэхэд Дариус хаан зарлиг гаргаж, Вавилон дахь эрдэнэсийг хадгалдаг архивт эрэл хийгдэв.

2. Медийн муж дахь цайзад, Екбатанад нэгэн хуйлмал бичиг олдсон бөгөөд дотор нь дараах зүйлийг бичсэн байв. “Тэмдэглэл:

3. Кореш хааны эхний жилд Кореш хаан зарлиг гаргажээ. «Иерусалим дахь Бурханы өргөөний тухайд гэвэл, тахилуудыг өргөдөг газар болох сүмийг дахин босгож, түүний суурийг тавигтун! Түүний өндөр нь жаран тохой, өргөн нь жаран тохой бөгөөд

4. том чулуугаар гурван давхар, дүнзээр нэг давхар өрж баригтун! Зардлыг нь хааны эрдэнэсийн сангаас төл!

5. Мөн Небухаднезарын Иерусалим дахь сүмээс авч, Вавилон уруу аваачсан, Бурханы сүмийн алтан, мөнгөн сав суулгуудыг Иерусалим дахь сүмд байсан газарт нь буцааж, Бурханы өргөөнд тавь».

6. Тиймээс одоо Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон та нарын хамтрагчид болох Евфрат мөрний тэртээх мужуудын албан хаагчид тэндээс хол байцгаа!

7. Бурханы өргөөний энэ ажлыг зөнд нь орхи. Иудейчүүдийн захирагч ба иудейчүүдийн ахмадууд Бурханы энэ өргөөг буйран дээр нь барьцгааг.

8. Түүнээс гадна, Бурханы энэ өргөөг дахин барих ажилд Иудагийн эдгээр ахмадуудын төлөө та нарын юу хийх талаарх зарлигийг би гаргаж байна. Тэдгээр хүмүүст бүрэн зардлыг нь Евфрат мөрний тэртээх мужуудын татваруудаас бүрдсэн хааны сангаас хойшлуулалгүйгээр төлөх ёстой.

9. Тэнгэрийн Бурханд өргөх шатаалт тахилд зориулан залуу бухнууд, хуцнууд ба хурганууд, мөн улаан буудай, давс, дарс болон тосолгооны тос, алив хэрэгтэй бүхнийг Иерусалим дахь тахилч нарын хүссэнээр тэдэнд өдөр бүр саадгүйгээр өгч бай.

10. Энэ нь тэд тэнгэрийн Бурханд тааламжит тахилыг өргөн, хаан болон түүний хөвгүүдийн амийн төлөө залбирахын тулд юм.

11. Хэн нэгэн хүн энэ зарлигийг зөрчвөл үүнийх нь төлөө түүний байшингаас нь гуалинг сугалан авч, тэр хүнийг дээр нь хадаж, байшинг нь хаягдлын овоо болгогтун хэмээсэн зарлигийг би гаргав.

12. Иерусалим дахь Бурханы энэ өргөөг устгах ч юм уу, өөрчлөх гэж оролдсон аливаа хаан, эсвэл ард түмнийг Өөрийн нэрийг энд орших газар болгосон Бурхан устгах болтугай. Дариус би энэхүү зарлигийг гаргав. Энэхүү зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэгтүн!”.

13. Тийнхүү Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн, зарлигийг бүрэн чармайлттайгаар гүйцэтгэв.

бүрэн бүлгийг уншина уу Езра 6