Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езра 4:9-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Захирагч Рехум, гүүш Шимшаи болон тэдний бусад хамтрагчид, шүүгчид, бага тушаалын захирагчид, албан хаагчид, нарийн бичгийн дарга нар, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусын хүмүүс болох еламчууд,

10. бусад хүмүүс буюу агуу, хүндэт Оснаппарын Самарийн хот хийгээд Евфрат мөрний тэртээх бусад газар шилжүүлэн суурьшуулсан хүмүүс хамт бичив хэмээв.

11. Энэ бол тэдний түүнд илгээсэн захианы хуулбар юм. “Артаксеркс хаанд: таны зарц, Евфрат мөрний тэртээх хүмүүс илгээв.

12. Эдүгээ танаас ирсэн иудейчүүд бидэн уруу Иерусалимд ирсэн юм. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган, суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй!

13. Хэрэв тэр хотыг дахин босгож, хэрмүүдийг нь барьж дуусгах юм бол тэд алба гувчуур, гааль, татварыг төлөхгүй бөгөөд энэ нь хаадын орлогод хохирол учруулна гэдгийг хаан мэдтүгэй!

14. Бид ордонд үйлчилдэг учир бидний хувьд хааны доромжлогдохыг үзэх нь үл зохих бөгөөд тиймээс бид үүнийг илгээж, хаанд мэдээллээ.

15. Энэ нь таны эцэг өвгөдийн бичлэгийн номуудад судалгаа явуулахын тулд юм. Тэгээд та бичлэгийн номуудаас тэр хот тэрслүү бөгөөд хаан болон мужуудад хохирол учруулагчид, мөн тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод бослого өдөөж байсан гэдгийг мэдэх болно. Тиймээс тэр хот эзгүй хоосон болсон.

16. Хэрэв тэр хот дахин босгогдож, хэрмүүд нь баригдаж дуусвал, үр дүнд нь та Евфрат мөрний тэртээх мужид ямар ч эзэмшилгүй болно гэдгийг бид хаанд мэдээлж байна” гэв.

17. Тэгэхэд захирагч Рехум, гүүш Шимшаи болон Самари, Евфрат мөрний тэртээх мужийн бусад нутгуудаар амьдрагч тэдний бусад хамтрагчдад хаан хариу илгээж “Амар тайван болтугай!

18. Та нарын бидэнд илгээсэн баримт бичиг орчуулагдаж, надад уншуулсан болой.

19. Би зарлиг гарган, судалгаа хийсэнд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд энэ хотод үймээн бослого болж байсан гэдгийг олж мэдлээ.

20. Мөн Иерусалимыг захирдаг хүчирхэг хаад байж, Евфрат мөрний тэртээх бүх мужийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.

21. Тиймээс одоо тэдгээр хүмүүсийг ажлаа зогсоож, намайг зарлиг гаргатал тэр хотыг дахин босгож болохгүй хэмээн тушаа.

бүрэн бүлгийг уншина уу Езра 4