Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 46:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Дотоод хашааны зүүн зүг уруу харсан дааман хаалга нь ажлын зургаан өдөрт хаалттай байх ёстой. Харин тэр нь амралтын өдөр болон шинэ сарын баярын өдөр нээлттэй байх ёстой.

2. Ноён нь гаднаас дааман хаалганы үүдний танхимаар орж, дааман хаалганы баганын дэргэд зогсох ёстой. Дараа нь тахилч нар түүний шатаалт тахил болон эвийн тахилуудыг нь хангаад, тэр дааман хаалганы босгон дээр мөргөөд гарах ёстой. Харин дааман хаалга нь үдэш хүртэл хаагдах ёсгүй.

3. Нутгийн ард олон ч бас амралтын өдрүүдэд болон шинэ сарын баяруудаар мөнөөх дааман хаалганы үүдэнд ЭЗЭНий өмнө мөргөх ёстой.

4. Амралтын өдрөөр ноёны ЭЗЭНд өргөх шатаалт тахил нь өө сэвгүй зургаан хурга ба өө сэвгүй нэг хуц байх болой.

5. Идээн өргөл нь хуцанд нэг ефа бөгөөд хургатай хамт өргөх идээн өргөл нь түүний өгөх чадлын хэрээр байх ба нэг ефад нэг хин тос байх болой.

6. Шинэ сарын баярын өдөрт өө сэвгүй залуу бух, бас өө сэвгүй зургаан хурга ба нэг хуцыг өргөх ёстой.

7. Нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр тэр идээн өргөлийг хангах ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.

8. Ноён орохдоо дааман хаалганы үүдний танхимаар явж, гарахдаа тэр л замаар явах ёстой.

9. Гэвч нутгийн ард олон товлосон баярууд дээр ЭЗЭНий өмнө ирэхдээ хойд дааман хаалгаар дамжин мөргөл үйлдэхээр ирэгч нь өмнөд дааман хаалгаар гарч явах ёстой. Өмнөд дааман хаалгаар орж ирэгч нь хойд дааман хаалгаар гарч явах ёстой. Орж ирсэн дааман хаалгаараа хэн ч буцаж гарч болохгүй. Харин чигээрээ явсаар гарах ёстой.

10. Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, тэднийг гарах үед тэр гарах ёстой.

11. Баяр наадам болон товлосон баярууд дээрх идээн өргөл нь нэг бухтай хамт нэг ефа, нэг хуцтай хамт нэг ефа ба хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр байх ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.

12. Ноён сайн дурын өргөл болох шатаалт тахилыг, эсвэл эвийн тахилыг ЭЗЭНд сайн дурын өргөл болгон хангах үед түүний төлөө зүүн тийш харсан дааман хаалгыг нээнэ. Амралтын өдөрт үйлддэгийн адил тэр өөрийн шатаалт тахил болон эвийн тахилыг өргөнө. Дараа нь тэр гарч явж, түүнийг гарч явсны дараа дааман хаалга нь хаагдах ёстой.

13. Та нар өдөр бүр ЭЗЭНд шатаалт тахилд зориулан өө сэвгүй нэг настай хургыг бэлтгэх ёстой. Өглөө бүр та нар үүнийг бэлтгэх ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 46