Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 37:5-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Эзэн БУРХАН эдгээр яснуудад ийнхүү айлдаж байна. “Харагтун, та нар амилахын тулд Би та нар уруу амьсгалыг оруулна.

6. Та нар амилахын тулд Би та нарт шөрмөс хийж, мах ургуулж, та нарыг арьсаар бүрхэж, та нарын дотор амьсгал оруулах болно. Та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” хэмээв.

7. Тийнхүү тушаагдсан ёсоор би эш үзүүлэв. Намайг эш үзүүлж байхад тэнд чимээ гарав. Харагтун, тачигналдсан чимээ гарав. Тэгэхэд яснууд бөөгнөрөн яс ястай нийлж холбогдов.

8. Би харсан бөгөөд харагтун, тэдний дээр шөрмөс бий болж, мах ургаж, тэдний дээр арьс бүрхэв. Гэвч тэдний дотор амьсгал алга байв.

9. Тэгэхэд Тэр надад айлдаж—Амьсгалд эш үзүүл, хүний хүү эш үзүүлж амьсгалд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, эдгээр алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»” гэв.

10. Тийнхүү Түүний надад тушаасан ёсоор би эш үзүүлсэнд амьсгал тэдэнд орж, тэд амьд болов. Үлэмж их цэргүүд хөл дээрээ босоцгоов.

11. Тэгээд тэр надад—Хүний хүү, эдгээр яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, бидний найдлага мөхжээ. Бид бүрмөсөн таслагдав” хэмээдэг.

12. Тиймийн тул, чи эш үзүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Миний ард түмэн, Би та нарын булшнуудыг нээж, та нарыг булшнуудаас чинь гаргана. Би та нарыг Израилийн газарт авчрах болно.

13. Миний ард түмэн, Би та нарын булшнуудыг нээж, та нарыг булшнуудаас чинь гаргасан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

14. Би та нарын дотор Өөрийн Сүнсийг тавьж, та нар амилж, Би та нарыг төрөлх нутагт чинь суулгах болно. Тэгээд ЭЗЭН Би үүнийг айлдсан ба үүнийг бүтээснийг та нар мэдэх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна”.

15. ЭЗЭНий үг надад дахин ирж,—

16. Хүний хүү чи нэг савааг өөртөө авч, дээр нь “Иуда болон түүний хамтрагчид болох Израилийн хөвгүүдийн төлөө” хэмээн бич. Тэгээд өөр нэг савааг авч, дээр нь “Ефраимын саваа болох Иосеф ба түүний хамтрагчид болох Израилийн хамаг гэрийн төлөө” хэмээн бич.

17. Тэгээд тэдгээрийг өөртөө, нэгийг нь нөгөөд, нэг саваа болгож, чиний гарт тэдгээрийг нэг болохоор нийлүүл.

18. Чиний ард түмний хөвгүүд чамд хандан “Чи үүгээр юуг хэлэх гэж байгааг бидэнд тайлбарлаж өгөхгүй юу?” хэмээн өгүүлэх үед

19. тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Ефраимын гарт буй Иосефын савааг болон түүний хамтрагчид болох Израилийн овгуудыг авч тэднийг Иудагийн саваатай нийлүүлж, нэг саваа болгоно. Тэд Миний мутарт нэг болно» гэв”

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 37