Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 36:17-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Хүний хүү, Израилийн гэр өөрийн эх нутагтаа сууж байхдаа тэд өөрсдийн зам болон өөрсдийн үйлсээрээ тэр газрыг бузарлав. Миний өмнө тэдний зам нь эмэгтэйн сарын тэмдгийн бузартал мэт байсан.

18. Тиймийн тул тэрхүү газар дээр урсгасан цусны төлөө ба түүнийг шүтээнүүдээрээ бузарласнаас нь болж Би Өөрийн хилэнгээ тэдний дээр асгасан билээ.

19. Би бас тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, тэд улс гүрнүүд даяар хөөгдсөн юм. Тэдний замууд болон тэдний үйлсийн дагуу Би тэднийг шүүв.

20. Тэд очих улсууддаа очмогцоо Миний ариун нэрийг бузарлав. Учир нь тэдний тухай “Эдгээр нь ЭЗЭНий ард түмэн боловч, Түүний газраас гаргагдав” хэмээн яригдсан.

21. Гэвч Израилийн гэр нь очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө Би санаа тавьлаа.

22. Тиймийн тул Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн гэр ээ. Би үйлдэл хийх гэж байгаа нь та нарын төлөө бус, харин та нарын очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө юм.

23. Үндэстнүүдийн дунд бузарлагдсан, тэдний дунд та нарын бузарласан Миний агуу нэрийн ариун байдлыг Би хамгаалах болно. Тэдний нүдэн дээр Би та нарын дунд Өөрийгөө ариун хэмээн батлах үед үндэстнүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

24. «Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгуудаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.

25. Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь болон хамаг шүтээнүүдээс чинь цэвэрлэх болно.

26. Түүнээс гадна, Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна. Би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө.

27. Би Өөрийн Сүнсийг та нарын дотор оруулж, та нарыг Өөрийн тогтоолуудаар явуулна. Та нар Миний зарлигийг сахихад анхаарах болно.

28. Миний та нарын өвөг дээдэст өгсөн газарт та нар амьдрах болно. Та нар Миний ард түмэн болж, Би та нарын Бурхан болно.

29. Мөн Би та нарыг хамаг бузартлаас чинь аварна. Би үр тариаг дуудаж, түүнийг үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна.

30. Та нар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн доромжлолыг дахин авахгүйн тулд Би модны үр жимс болон тариан талбайн ургацыг арвин болгоно.

31. Тэгээд та нар өөрсдийн хорон муу зам болон сайн бус үйлсээ санаж, өөрсдийн нүдний өмнө өөрсдийн хууль бус болон жигшүүрт үйлсийн төлөө өөрсдийгөө жигших болно.

32. Би үүнийг та нарын төлөө үйлдэж байгаа юм биш» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Энэ нь та нарт мэдүүлэгдэг. Израилийн гэр ээ, өөрсдийн замуудын төлөө ичиж, зовогтун».

33. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би та нарыг хамаг хууль бусаас чинь цэвэрлэх өдөрт хотуудад хүмүүсийг суулгаж, балгаснуудыг дахин барих болно.

34. Зэлүүд газар нь дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар хэмээн үзэгдэж байхын оронд хагалагдах болно.

35. Тэд ”Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд болон нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ.

36. Тэгээд та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь ЭЗЭН Би нурсан газруудыг барьж засан, хоосорч үгүйрсэн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. ЭЗЭН Би үүнийг айлдсан, үүнийг үйлдэх болно».

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 36