Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 33:5-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэр бүрээний дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг аваагүй юм. Түүний цус өөр дээр нь байх болно. Гэвч хэрвээ тэр сэрэмжлүүлгийг хүлээн авсан бол өөрийн амиа аврах байсан юм.

6. Гэвч хэрвээ харуул нь илд ирж буйг хараад бүрээ үлээлгүй, ард түмэнд сэрэмжлүүлэг өгөөгүй бол илд ирж, тэдний дотроос хэн нэгийг авбал тэр хүн нь өөрийн хууль бусын төлөө авагдсан юм. Харин түүний цусыг Би харуулын гараас нэхэх болно” гэж хэл.

7. Хүний хүү чиний хувьд гэвэл, Би чамайг Израилийн гэрийн төлөө харуул болгон томилсон. Тиймээс чи Миний амнаас гарах үгийг сонсоод, Надаас өгөх сэрэмжлүүлгийг тэдэнд өгөх болно.

8. Би хорон муу хүнд “Хорон муу хүн ээ, чи заавал үхэх болно” хэмээн айлдах үед чи тэр хорон муу хүнд өөрийнх нь замаас эргэхийг сануулан хэлэхгүй бол тэр хорон муу хүн өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх боловч, харин түүний цусыг Би чиний гараас нэхэх болно.

9. Харин хэрвээ чи өөрийн талаас тэр хорон муу хүнд замаасаа эргэхийг сэрэмжлүүлсэн боловч тэрээр замаасаа эргэхгүй бол тэр өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх болно. Гэвч чи өөрийн амийг аварсан билээ.

10. Хүний хүү чиний хувьд гэвэл, Израилийн гэрт өгүүл. “Та нар ийнхүү ярьж «Үнэнээр бидний гэм буруу, бидний нүгэл нь бидэн дээр буй. Бид түүний дотор ялзарч байна. Тэгвэл бид яаж амьд үлдэх вэ?» хэмээв”.

11. Тэдэнд өгүүл. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно. Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”

12. Хүний хүү чи нутгийнхандаа “Зөвт хүний зөв байдал нь ч түүний гэм буруугийн өдөрт түүнийг үл аварна. Хорон муу хүний хорон муу үйлдлийн хувьд, тэрээр хорон муугаасаа эргэх өдөрт түүнээсээ болж бүдрэхгүй. Тэгэхэд зөвт хүн ч нүглийг үйлдэх өдөрт өөрийнхөө зөвөөр амьдарч үл чадна.” гэж хэл.

13. Би зөвт хүнд түүнийг заавал амьдарна гэж айлдсан боловч тэрээр өөрийн зөвт байдалд хэт найдсаар хууль бусыг үйлдвээс түүний зөв үйлсийн нэг нь ч дурсагдахгүй. Харин түүний үйлдсэн яг тийм хууль бус үйлдэл дотор тэр үхэх болно.

14. Гэвч Би хорон муу хүнд “Чи заавал үхэх болно” хэмээн айлдахад, тэрээр өөрийн нүглээс буцаж, шударга ёс, зөвт үйлсийг үйлдвэл,

15. хэрвээ хорон муу үйлстэн барьцаалсан юмыг буцааж, тоносон юмсыг буцаан төлж, хууль бусыг үл үйлдэн амийн баталсан журмыг дагаж явбаас тэр заавал амьдарна. Тэр үхэхгүй.

16. Түүний үйлдсэн нүглийн нэг нь ч түүний эсрэг дурсагдахгүй. Тэрээр шударга ёс болон зөвийг үйлдсэн. Тэр заавал амьдрах болно.

17. Гэсэн ч чиний нутгийнхан “Эзэний зам нь буруу юм” хэмээн өгүүлж байхад тэдний өөрсдийнх нь зам буруу байдаг.

18. Зөв хүн ч өөрийн зөвт байдлаасаа эргэж, хууль бусыг үйлдвээс тэр нь түүн дотроо үхэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 33