Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 33:18-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Зөв хүн ч өөрийн зөвт байдлаасаа эргэж, хууль бусыг үйлдвээс тэр нь түүн дотроо үхэх болно.

19. Харин хорон муу хүн өөрийн хорон муу үйлсээс эргэж шударга ёс болон зөвт үйлсийг үйлдвээс тэр түүгээрээ амьдрах болно.

20. Гэвч та нар “Эзэний зам нь буруу юм” хэмээн өгүүлдэг. Израилийн гэр ээ, Би та нарын хүн тус бүрийг өөрийнх нь замаар шүүх болно».

21. Бидний олзлолын арван хоёр дахь жилийн аравдугаар сарын таванд Иерусалимаас нэгэн дүрвэгч над уруу ирэн “Хот эзлэгдэв” хэмээн өгүүлэв.

22. Тэрхүү дүрвэгчийг ирэхээс өмнө, үдэш ЭЗЭНий мутар миний дээр байсан. Өглөө болж түүнийг над уруу ирэхийн өмнө Тэр миний амыг нээв. Ийнхүү миний ам нээгдсэн, би дахин хэлгүй байгаагүй.

23. Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа—

24. «Хүний хүү, Израилийн газар дахь тэдгээр балгаснуудад амьдрагчид нь “Абрахам нь ганцаараа атал энэ газрыг эзэмшиж байв. Тиймээс бид олон тул энэ газар бидэнд эзэмшил болгогдон өгөгдсөн юм” хэмээж байна.

25. Тиймийн тулд тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүд уруугаа нүдээ өргөн, цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?

26. Та нар өөрсдийн илдэнд найдаж, жигшүүрт хэргийг үйлдэн, та нарын хүн бүр хөршийнхөө эхнэрийг бузарладаг. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?»”.

27. Чи тэдэнд ийнхүү хэлэх ёстой. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр балгаснуудад буй хүмүүс нь илдэнд унаж, хээр талд буй хүмүүсийг Би араатнуудад тастчуулахаар өгч, цайз болон агуйд буй хүмүүс нь тахлаар үхэх болно.

28. Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилийн уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө.

29. Тэдний үйлдсэн хамаг жигшүүрт үйлсээс нь болж Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгох үед тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»”.

30. «Хүний хүү чиний хувьд гэвэл, чиний тухай хэрмийн дэргэд болон гэрүүдийн үүдэнд ярилцаж, өөр зуураа болон ах дүүтэйгээ хэлэлцдэг чиний нутгийнхан “Одоо ирэгтүн, ЭЗЭНээс ямар үг гарахыг сонс” хэмээн өгүүлж байна.

31. Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн мэт чиний өмнө сууж, чиний үгийг сонсох болно. Гэвч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь тэд өөрсдийн амаар гаргасан тачаангуй хүслүүдээ үйлдэж, тэдний зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.

32. Харагтун, тэдний хувьд чи бол хөгжмийн зэмсгүүд дээр сайн тоглодог, сайхан хоолойтой хүний дуулсан тачаангуй дуу мэт юм. Учир нь тэд чиний үгийг сонсдог боловч түүнийг биелүүлдэггүй.

33. Тиймээс тэр нь биелэлээ олоход (заавал биелнэ) өөрсдийнх нь дунд нэгэн эш үзүүлэгч байсныг мэдэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 33