Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 32:8-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Огторгуй дахь гэрэлтэгч хамаг гэрлийг Би чам дээр харанхуй болгож,чиний газарт харанхуйг тогтоох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

9. «Би бас үндэстнүүдийн дунд, чиний үл мэдэх улсууд уруу чиний сүйрлийг аваачих үед олон ард түмнүүдийн зүрхийг зовоох болно.

10. Би олон ард түмнүүдийг чамайг харж балмагдуулна. Тэдний өмнө Өөрийнхөө илдийг далайх үед тэдний хаад нь ч чамаас ихэд айна. Чамайг унах өдөрт хүн бүр өөрийнхөө амийн төлөө, тэд мөч бүрд чичрэх болно».

11. Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Вавилоны хааны илд нь чам дээр бууна.

12. Хүчтэнүүдийн илдээр Би чиний олон түмнийг унагах болно. Тэд бүгд үндэстнүүдийн харгис хүмүүс нь билээ.Тэд Египетийн бахархлыг сүйтгэж,түүний хамаг ард олон нь устгагдах болно.

13. Би бас түүний хамаг үхэр сүргийг их усны дэргэдээс устгах болно.Хүний хөл нь усыг дахин үл булингартуулна.

14. Тэгээд Би тэдний уснуудыг тогтуун болгож,голуудыг нь тос мэт урсгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15. «Би Египетийн нутгийг хоосруулж,дүүргэгдэж байсан юмсаараа газар ядуурахад,тэнд амьдардаг бүхнийг устгах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

16. Энэ бол гашуудал бөгөөд тэд үүнийг дуулах ёстой. Үндэстнүүдийн охид үүнийг дуулах ёстой. Египет болон түүний хамаг олон түмний төлөө тэд үүнийг дуулах ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

17. Арван хоёр дахь жилийн тэр сарын арван таванд ЭЗЭНий үг надад ирж,—

18. «Хүний хүү, Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг болон хүчирхэг гүрнүүдийн охидыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцөд буулга.

19. “Чи үзэсгэлэнгээрээ хэнээс давуу вэ?Доош явж, хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт ороо зас”.

20. Тэд илдэнд алагдагсдын дунд унах болно. Тэр улс илдэнд тушаагдсан юм. Тэд түүнийг болон түүний бүх олон түмнийг аваад явсан.

21. Хүчтэнүүдийн дотроос хүчтэн нь тэр улс ба түүний туслагчдын тухай Үхэгсдийн орны дундаас ярьж, “Тэд доош явсан, тэд илдэнд алагдсан хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт хөдөлгөөнгүй хэвтэж байна”.

22. Ассири болон түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ.

23. Тэдний булшнууд нь нүхний хамгийн цаад мухарт байгаа бөгөөд хамтрагчид нь түүний булшны эргэн тойронд байна. Амьдын газарт айдсыг тараагчид болох тэд бүгд алагдаж, илдэнд унасан байна.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 32