Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 32:17-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Арван хоёр дахь жилийн тэр сарын арван таванд ЭЗЭНий үг надад ирж,—

18. «Хүний хүү, Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг болон хүчирхэг гүрнүүдийн охидыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцөд буулга.

19. “Чи үзэсгэлэнгээрээ хэнээс давуу вэ?Доош явж, хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт ороо зас”.

20. Тэд илдэнд алагдагсдын дунд унах болно. Тэр улс илдэнд тушаагдсан юм. Тэд түүнийг болон түүний бүх олон түмнийг аваад явсан.

21. Хүчтэнүүдийн дотроос хүчтэн нь тэр улс ба түүний туслагчдын тухай Үхэгсдийн орны дундаас ярьж, “Тэд доош явсан, тэд илдэнд алагдсан хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт хөдөлгөөнгүй хэвтэж байна”.

22. Ассири болон түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ.

23. Тэдний булшнууд нь нүхний хамгийн цаад мухарт байгаа бөгөөд хамтрагчид нь түүний булшны эргэн тойронд байна. Амьдын газарт айдсыг тараагчид болох тэд бүгд алагдаж, илдэнд унасан байна.

24. Елам тэнд байгаа бөгөөд түүний хамаг олон түмэн нь түүний булшны эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан, хөвч хөндүүлээгүй хүмүүс юм. Тэд газрын хамгийн доод хэсэгт очсон. Амьдын газарт тэд айдсыг төрүүлэгчид юм. Тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн.

25. Тэд түүнд зориулан түүний бүх олон түмэнтэй хамт алагдагсдын хооронд ор зассан. Түүний булшнууд үүнийг тойрон байна. Тэд бүгд хөвч хөндүүлээгүй бөгөөд илдэнд алагдсан. Хэдийгээр тэд амьдын газарт айдсыг төрүүлсэн боловч тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн. Тэд алагдагсдын хооронд тавигдав.

26. Мешех, Тубал ба тэдний бүх олон түмэн нь тэнд байгаа. Булшнууд нь тэднийг хүрээлж байна. Тэд бүгд хэдийгээр амьдын газарт айдсыг төрүүлж байсан ч илдэнд алагдсан хөвч хөндүүлээгүй хүмүүс билээ.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 32