Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 20:24-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Учир нь тэд Миний зарлигуудыг сахилгүй, харин Миний тогтоолуудаас татгалзаж, Миний амралтын өдрийг бузарласан ба тэдний нүд нь эцгүүдийнхээ шүтээнүүд дээр байв.

25. Би бас сайн бус тогтоолуудыг болон түүгээр амьдарч үл чадах зарлигуудыг тэдэнд өгөв.

26. Тэд өөрсдийнхөө бүх ууган төрөгсдийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар хэмээн зарласан. Ингэснээр Би тэднийг эзгүйрүүлэх бөгөөд энэ нь тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд юм»”.

27. Тиймийн тул хүний хүү, Израилийн гэрт өгүүлэн, тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Гэсэн ч үүгээрээ л та нарын өвөг дээдэс Миний эсрэг урваснаараа Намайг доромжлов.

28. Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад, тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд, тэнд өөрсдийнхөө тахилуудыг өргөн, өөрсдийн өргөлийн уур уцаарыг өргөн барив. Тэнд бас тэд өөрсдийн тайвшруулах тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө асгасан.

29. Тэгээд Би тэдэнд ”Та нарын очдог өндөр газар юу вэ?” гэв. Тиймээс энэ өдрийг хүртэл түүний нэрийг Бама хэмээн дуудаж байсан»”.

30. Тиймийн тулд Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ байдлыг дуурайж өөрсдийгөө бузарлаж, тэдний жигшүүрт юмсыг дуурайж садар самууныг үйлдэх үү?

31. Та нар өргөлүүдээ өргөж, өөрсдийн хөвгүүдээ гал дундуур гаргаж байхдаа та нар энэ өдрийг хүртэл өөрсдийгөө бүх шүтээнүүдээрээ бузарлаж буй. Израилийн гэр ээ, Би та нараар асуугдах ёстой юу? Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Би та нараар асуугдахгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

32. «Та нар ”Бид мод, чулуунд мөргөж буй үндэстнүүд, газрын овгуудтай адил байх болно” хэмээн өгүүлэхэд та нарын бодолд буй зүйлс биелэхгүй.

33. Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр хүчит мутраараа ба сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг хаанчлах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

34. «Би хүчит мутар болон сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирч, мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна.

35. Би та нарыг ард түмнүүдийн цөлд авчирч, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно.

36. Би та нарын эцгүүдийг Египет нутгийн цөлд шүүсний адил тийнхүү Би та нарыг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

37. «Би та нарыг таяган доогуур явуулж, та нарыг гэрээний хүлээсэнд оруулна.

38. Би та нарын дотроос тэрслэгчид болон Миний эсрэг гэм бурууг үйлдэгсдийг хөөнө. Би тэднийг түр сууж буй газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

39. Израилийн гэр ээ, чиний хувьд гэвэл, явж хүн бүр өөрийн шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өөрсдийн өргөл, өөрсдийн шүтээнүүдээр Миний ариун нэрийг бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна.

40. Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул, Израилийн өндөр уулан дээр, тэнд Израилийн хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн авч, та нарын бүх ариун юмсын хамт хандив болон бэлгүүдийн чинь хамгийн шилмэлийг хайх болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 20