Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 20:11-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Би тэдэнд Өөрийн тогтоолуудыг өгч, Өөрийн зарлигуудын тухай, хэрвээ хүн тэдгээрийг биелүүлбэл амьдарна хэмээн тэдэнд мэдүүлэв.

12. Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН мөн гэдгийг тэдэнд мэдүүлэхээр Би болон тэдний хооронд тэмдэг болгож, Би Өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн.

13. Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд Миний тогтоолоор явсангүй. Хэрвээ хүн тэдгээрийг сахивал амьдрах ёстой Миний зарлигаас ч татгалзсан. Миний амралтын өдрийг тэд ихэд бузарлав. Тэгээд Би тэднийг устгахын тулд Өөрийнхөө хилэнг тэдний дээрээс цөлд асгана хэмээв.

14. Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв.

15. Бас Миний тэдэнд өгсөн сүү балаар урсдаг бүх газруудын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангараглав.

16. Учир нь тэд Миний зарлигууд болон Миний тогтоолуудаас татгалзаж тэднийг үл дагасан. Тэд Миний амралтын өдрийг бузарласан. Учир нь тэдний зүрх нь үргэлжид шүтээнүүдийн араас дагав.

17. Гэсэн ч Миний мэлмий тэднийг устгахын оронд өрөвдөж, Би тэднийг цөлд хүйс тэмтэрчихээгүй.

18. Би цөлд тэдний хүүхдүүдэд “Та нар эцгүүдийнхээ тогтоолуудаар явалгүй, тэдний зарлигийг сахилгүй, тэдний шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла.

19. Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Миний тогтоолоор явж, Миний зарлигийг сахиж, тэднийг дага.

20. Миний амралтын өдрийг ариун байлга. Та нар Намайг өөрсдийн чинь Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар болон Миний хооронд тэмдэг болох болно” хэмээв.

21. Гэтэл хүүхдүүд нь Миний эсрэг тэрсэлсэн. Тэд Миний тогтоолоор үл явж, хэрэв хүн түүнийг үйлдвэл, амьдрах ёстой Миний зарлигийг дагахыг хичээгээгүй. Тэд Миний амралтын өдрийг бузарлав. Тиймээс цөлд тэдний эсрэг Өөрийн уурыг гүйцээхийн тулд Би тэдний дээр Өөрийнхөө хилэгнэлийг цутгахаар шийдсэн.

22. Гэвч Би мутраа татаж, тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийнхөө нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдсэн.

23. Тэднийг үндэстнүүдийн дунд цацаж, улсуудын дунд тэднийг тараах болно хэмээн Би бас цөлд тэдэнд тангараглав.

24. Учир нь тэд Миний зарлигуудыг сахилгүй, харин Миний тогтоолуудаас татгалзаж, Миний амралтын өдрийг бузарласан ба тэдний нүд нь эцгүүдийнхээ шүтээнүүд дээр байв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 20