Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 18:2-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Израилийн газрын тухай “Эцгүүд нь гашуун усан үзмийг идэж, харин хүүхдүүдийнх нь шүд мохно” хэмээх энэхүү зүйр үгийг та нар өгүүлснээрээ юуг хэлэхийг хүсдэг вэ?

3. Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Та нар үнэхээр энэ зүйр үгийг Израильд дахин хэрэглэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

4. “Харагтун, бүх сүнс Минийх юм. Эцгийн сүнс, хөвгүүний сүнстэй адил Минийх юм. Нүглийг үйлдэгч сэтгэл нь үхэх болно.

5. Гэвч хэрэв хүн нь зөвт бөгөөд шударга, үнэн зөвийг үйлдэн,

6. уулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ өргөлгүй, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан, сарын тэмдгийнх нь үед эмэгтэйд хүрдэггүй бол,

7. хэрэв хүн хэнийг ч үл дарлан, харин өртөнд барьцааных нь юмыг буцааж өгдөг бол, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг бол,

8. хэрэв тэр мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, эсвэл өсгөж авдаггүй бол, хэрэв тэр өөрийн гараа гэм буруугаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүхийг гүйцэлдүүлдэг бол,

9. хэрэв тэр итгэлтэйгээр хандахын тулд Миний тогтоол болон Миний зарлигаар алхдаг бол тийм хүн зөвт хүн бөгөөд заавал амьдарна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

10. “Дараа нь тэр цус урсгадаг, эдгээр зүйлсийн алийг нь ч ах дүүдээ хийдэг хэрцгий хүүтэй болж болох юм.

11. Хэдийгээр тэр өөрөө эдгээр зүйлсийн алийг нь ч хийгээгүй боловч хүү нь уулын бунхан дээр хүртэл идэж, хөршийнхөө эхнэрийг бузарлаж,

12. ядуу болон үгээгүйг дарлан, дээрэм тонуул хийж, барьцааг буцаадаггүй, харин шүтээнүүд уруу нүдээ өргөж, жигшүүрт хэргийг үйлддэг,

13. мөнгийг хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг. Тэр амьдрах уу? Тэр амьдрахгүй. Тэр эдгээр бүх жигшүүрт юмсыг үйлдсэн учир тэр заавал үхэх болно. Түүний цус түүний өөрийнх нь толгой дээр байх болно.

14. Одоо харагтун, эцгийнхээ үйлдсэн бүх нүглийг ажигласан бөгөөд ажиглахдаа түүнчлэн үйлдээгүй хүүтэй хүн байжээ.

15. Тэр уулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ үл өргөн, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан,

16. хэнийг ч үл дарлан, барьцааны юмыг үл даран, дээрэм тонуул хийлгүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэнд хувцас нөмөргөн,

17. тэр ядуучуудаас гараа аван, хүү эсвэл нэмэгдлийг үл аван, харин Миний зарлигийг гүйцэлдүүлж, Миний тогтоолыг дагаж явдаг. Тэр эцгийнхээ гэм буруугийн төлөө үхэхгүй, заавал амьдарна.

18. Түүний эцгийн хувьд гэвэл, тэр авилгалыг үйлдэн, ах дүүгээ тонон, өөрийн ард түмний дунд сайн бусыг үйлдсэн учраас харагтун, тэр өөрийн гэм буруугийн төлөө үхнэ.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 18