Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 18:16-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. хэнийг ч үл дарлан, барьцааны юмыг үл даран, дээрэм тонуул хийлгүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэнд хувцас нөмөргөн,

17. тэр ядуучуудаас гараа аван, хүү эсвэл нэмэгдлийг үл аван, харин Миний зарлигийг гүйцэлдүүлж, Миний тогтоолыг дагаж явдаг. Тэр эцгийнхээ гэм буруугийн төлөө үхэхгүй, заавал амьдарна.

18. Түүний эцгийн хувьд гэвэл, тэр авилгалыг үйлдэн, ах дүүгээ тонон, өөрийн ард түмний дунд сайн бусыг үйлдсэн учраас харагтун, тэр өөрийн гэм буруугийн төлөө үхнэ.

19. Гэсэн ч та нар «Яагаад хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг эс үүрнэ вэ?» хэмээн өгүүлдэг. Хүү нь шударга, үнэн зөвийг үйлдэн, Миний хамаг тогтоолыг сахин тэдгээрийг үйлдсэн үед тэр заавал амьдарна.

20. Нүглийг үйлдэгч нь үхэх болно. Хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг үүрэхгүй, эцэг нь ч хүүгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг үүрэхгүй. Зөвт хүний зөв байдал өөр дээр нь байж, хорон муу хүний хорон муу байдал өөр дээр нь үлдэнэ.

21. Гэвч хэрэв хорон муу хүн өөрийн үйлдсэн хамаг нүглээс эргэж, Миний бүх тогтоолыг сахин, шударга, үнэн зөвийг үйлдэх аваас тэр нь заавал амьдарна. Тэр үхэхгүй.

22. Түүний үйлдсэн хамаг хилэнц нь түүний эсрэг үл дурсагдана. Түүний үйлдсэн үнэн зөвөөс болж тэр амьдарна.

23. Хорон муу хүнийг өөрийнхөө замаас эргэж, амьдрахаас нь илүүгээр түүний үхэлд Би баярлана гэж үү? гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

24. Гэвч зөвт хүн өөрийн үнэн зөвөөс эргэж, хууль бусыг үйлдэж, хорон муу хүний хийх хамаг жигшүүрт хэргийн дагуу үйлдэх аваас тэр нь амьдрах уу? Түүний үйлдсэн бүх зөвт хэргүүд нь түүний үйлдсэн урвалт болон нүглийн төлөө үл дурсагдана. Тэдний төлөө тэр үхэх болно.

25. Гэсэн ч та нар “Эзэний зам нь зөв бус юм” хэмээн өгүүлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам нь зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?

26. Зөвт хүн өөрийн үнэн зөвөөс эргэж, хууль бусыг үйлдэж, түүнээсээ болж үхэх аваас тэр нь өөрийн үйлдсэн хууль бусын төлөө л үхэх болно.

27. Дахин хорон муу хүн өөрийн үйлдсэн хорон муугаас эргэж, шударга хийгээд үнэн зөвийг хэрэгжүүлэх аваас тэр өөрийн амийг аврах болно.

28. Тэр эргэцүүлээд, өөрийн үйлдсэн хамаг гэм буруугаас эргэсэн учраас тэр заавал амьдарна. Тэр үхэхгүй.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 18