Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 14:11-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Энэ нь Израилийн гэр хойшид Надаас төөрөлгүй, өөрсдийн хамаг нүглээр өөрсдийгөө хойшид бузарлахгүйн тулд юм. Ийнхүү тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно»” хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.

12. Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—

13. Хүний хүү, хэрвээ улс орон итгэлгүй байдал гарган Миний эсрэг нүглүүдийг үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаж, талхных нь нөөцийг устгаж, түүний эсрэг өлсгөлөн илгээж, хүн, амьтдын аль алиныг нь түүнээс таслан устгах аваас,

14. эдгээр гурван хүн болох Ноа, Даниел болон Иов нар тэнд байсан ч, өөрсдийнхөө зөвт байдлаар тэд өөрсдийгөө л аварч чадах байсан юм хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15. Хэрэв Би газраар догшин араатнуудыг явуулж, тэд түүнийг үр хүүхдүүдээс нь хагацааж, тэр нь эзгүйрэн, ингэснээр араатнуудаас болж түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болбол,

16. түүний дунд эдгээр гурван хүн байсан ч, Би амьд буйгаараа тангараглая. Тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Зөвхөн тэд өөрсдөө л аврагдах байсан. Харин тэр нутаг эзгүйрнэ гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

17. Эсвэл Би тэр улс дээр илдийг авчирч “Илд нь улсыг дайран өнгөрч, тэндээс хүн ба амьтныг таслаг” хэмээн айлдсан байх аваас,

18. эдгээр гурван хүн тэнд байсан ч, Би амьд буйгаараа тангараглая, тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Харин зөвхөн тэд өөрсдөө л аврагдах байсан хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.

19. Эсвэл, хэрвээ Би тэр улсын эсрэг гамшиг явуулж, хүн ба амьтныг тэндээс таслахын тулд цусан дотор Өөрийн хилэнгээ түүн уруу цутгавал,

20. Ноа, Даниел, Иов нар тэнд байсан ч, Би амьд буйгаараа тангараглая, тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Тэд өөрсдийн зөвт байдлаар зөвхөн өөрсдийгөө л аварч чадах байсан хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна.

21. Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.—Хүн, амьтныг түүнээс таслахын тулд Би Өөрийн дөрвөн хүнд шийтгэл болох илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?

22. Гэсэн ч харагтун! Гадагш гаргагдах хөвгүүд охид хоёулаа, үлдэгсэд тэнд үлдэх болно. Харагтун, тэд та нар уруу ирэх гэж байгаа бөгөөд та нар тэдний байдал болон үйлдлийг үзэх болно. Тэгэхэд Иерусалим дээр Миний буулгасан гай зовлон, Миний тэнд буулгасан бүх зүйлийн төлөө та нар тайвшруулагдах болно.

23. Тэгээд та нар тэдний байдал болон үйлдлийг харахад тэд та нарыг тайвшруулна. Учир нь Миний Иерусалимд үйлдсэн бүх зүйлийг Би ямар ч утга учиргүй үйлдээгүй гэдгийг та нар мэдэх болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 14