Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 12:11-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Бас “Би та нарт тэмдэг болно. Миний үйлдсэн шиг тэдэнд ч мөн үйлдэгдэнэ. Тэд олзлогдогсод болж цөллөгт явна” гэж хэл.

12. Тэдний дунд буй ноён харанхуйд ачаагаа мөрөндөө үүрэн, гарч явна. Гарч явахын тулд тэд хананд нүх гаргана. Тэр нүүрээ бүтээх болно. Ингэснээр тэр өөрийн нүдээр газрыг харж чадахгүй.

13. Би бас түүний дээр Өөрийн торыг хаяж, тэр Миний урхинд орно. Тэгээд Би түүнийг халдеичуудын нутаг дахь Вавилонд аваачна. Тэрээр тэнд үхэх боловч тэр газрыг үзэхгүй.

14. Түүнийг хүрээлэгч бүгдийг, туслагчид болон түүний цэргүүдийг Би зүг бүрд тараах болно. Би тэдний араас илдийг сугалах болно.

15. Тийнхүү Би тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд түгээх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

16. Гэвч тэд очих үндэстнүүдийнхээ дунд өөрсдийн хамаг жигшүүрт юмсаа ярихын тулд Би тэднээс цөөхөн хүнийг илд, өлсгөлөн болон тахлаас хэлтрүүлэх болно. Тэгснээр тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх юм гэв.

17. Түүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж,—

18. Хүний хүү, чичрэн байж талхаа идэн, дагжин, зовниж усаа уу.

19. Дараа нь нутгийн ард түмэнд “Израилийн нутаг дахь Иерусалимын оршин суугчдын тухай Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэд түгшүүртэйгээр талхаа идэж, айдастайгаар усаа уух болно. Учир нь, тэдний нутаг нь тэнд амьдрагч бүгдийн хүчирхийллээс болж өөрийн элбэг байдлаа тонуулах болно.

20. Хүмүүсийн сууж байсан хотууд балгас болж, газар нь эзгүйрнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно»” хэмээн өгүүл гэлээ.

21. Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—

22. Хүний хүү, Израиль нутгийн тухай “Өдрүүд урт ба аливаа үзэгдэл үгүй болно” хэмээн өгүүлж буй танай хүмүүст байдаг тэр зүйр үг нь юу вэ?

23. Тиймийн тул тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би энэ зүйр үгийг болиулна. Тэгснээр тэд үүнийг цаашид зүйр үг болгон Израильд хэрэглэхээ болино». Харин «Өдрүүд нь аливаа үзэгдлийн биелэлтэй хамт ойртож байна» хэмээн тэдэнд хэл.

24. Учир нь цаашид ямар ч хуурамч үзэгдэл, зусардах мэргэ төлөг Израилийн гэрийн дотор үгүй болно.

25. Учир нь ЭЗЭН Би айлдаж, Миний айлдсан үг болгон биелэгдэх болно. Энэ нь огтхон ч удаашрахгүй. Учир нь тэрслүү гэр ээ, чиний өдрүүдэд Би үгээ айлдаж, түүнийгээ биелүүлнэ» хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж өгүүл гэсэн.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 12