Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 10:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд би харахад, үзэгтүн, херубуудын толгой дээрх уудам зайд төрхөөрөө сэнтийтэй төстэй индранил чулуу адил юм байсан бөгөөд тэдний дээр үзэгдэв.

2. Тэр маалинган хувцас өмссөн хүнд хандан—Херубуудын доор буй эргэлдэгч дугуйнуудын хооронд нэвтрэн орж, херубуудын дундаас галтай нүүрсээр гараа дүүргэн, хотын дээгүүр цац гэж айлдав. Намайг харж байхад тэр дотогш оров.

3. Тэр хүнийг нэвтрэн ороход херубууд нь сүмийн баруун талд зогсож байсан. Дотоод хашааг үүл дүүргэсэн байв.

4. Дараа нь ЭЗЭНий цог жавхлан херубаас дээшлэн, сүмийн босгыг чиглэсэн бөгөөд сүм үүлээр дүүрч, хашаа нь ЭЗЭНий цог жавхлангийн туяагаар дүүрэв.

5. Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсогдов.

6. Тэр маалинган хувцас өмссөн хүнд тушаан—Эргэлдэгч дугуйнуудын хоорондоос, херубуудын хоорондоос галыг ав хэмээн айлдах үед тэр нэвтрэн орж, дугуйны дэргэд зогсов.

7. Тэгэхэд херуб нь херубуудын дунд байсан гал уруу херубуудын хоорондоос гараа сунган, галаас авч, маалинган хувцас өмссөн хүний хоёр гар дээр түүнийг тавив. Тэр түүнийг аваад гарав.

8. Херубууд нь далавчныхаа доор хүний гарын дүрстэй адил юмтай мэт үзэгдэв.

9. Тэгээд намайг харахад, үзэгтүн, херубуудын дэргэд дөрвөн дугуй, херуб болгоны дэргэд нэг нэг дугуй байжээ. Дугуйнуудын төрх нь Таршишийн (молор эрдэнийн) чулууны гялбаа мэт харагдаж байв.

10. Тэдний дүрсийн хувьд гэвэл, тэд дөрвүүлээ адилхан бөгөөд нэг дугуй нь нөгөө дугуйны дотор буй мэт байв.

11. Тэд хөдлөхдөө, дөрвөн зүгийнхээ аль уруу ч чиглэн явах үед эс эргэв. Харин тэд явах үедээ эргэлгүйгээр, хандсан зүгтээ даган явж байв.

12. Тэдний бүхий л бие, тэдний нуруу, гарууд, далавчнууд нь, бас тэр дөрөвт харьяалагдах дугуйнууд нь эргэн тойрондоо дүүрэн нүдтэй байв.

13. Намайг сонсож байхад тэдгээр эргэлдэгч дугуйнууд дуудагджээ.

14. Тус бүр дөрвөн нүүртэй байв. Эхний нүүр нь херубын нүүр, хоёр дахь нүүр нь хүний нүүр, гурав дахь нь арслангийн нүүр бөгөөд дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв.

15. Тэгээд херубууд нь дээш босов. Тэд бол Хебар голын дэргэд миний үзсэн амьд биес юм.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 10