Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Естер 9:16-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Мөн хааны мужуудын бусад иудейчүүд цуглаж өөрсдийн амиа хамгаалж, дайснуудаасаа ангижран, өөрсдийн өшөөтнүүдээс далан таван мянгыг алав. Гэвч тэд эд хөрөнгөнд нь гар хүрсэнгүй.

17. Энэ нь Адар сарын арван гурав дахь өдөр болсон бөгөөд арван дөрөв дэх өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов.

18. Харин Сусын иудейчүүд тэр сарын арван гурав дахь болон арван дөрөв дэх өдөр цугларч, арван тав дахь өдөр нь амарцгаан, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов.

19. Тиймээс захын хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдрийг баясах, найр наадам, баяр цэнгээн хийн цайлах, бие биедээ идээний хувийг илгээх амралтын өдөр болгодог.

20. Тэгээд Мордехаи эдгээр явдлыг тэмдэглэж, Ахашверош хааны хол, ойрын бүх мужид амьдрагч бүх иудейчүүдэд захидлуудыг илгээв.

21. (Захидлууддаа тэр) жил бүрийн Адар сарын арван дөрөв дэх өдөр, мөн сарын арван тав дахь өдрийг тэмдэглэхийг үүрэг болгов.

22. Учир нь тэдгээр өдрүүдэд иудейчүүд дайснаасаа ангижирсан ба энэ сар нь тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болсон тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр цэнгээн, мөн идээний хувийг бие биедээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгов.

23. Тийнхүү иудейчүүд өөрсдийн хийж эхэлсэн байснаа болон Мордехаин тэдэнд бичсэн зүйлийг үүрэг болгон авав.

24. Учир нь агаг хүн, Хаммедагийн хүү, бүх иудейчүүдийн дайсан Хаман иудейчүүдийг устгахаар тэдний эсрэг төлөвлөн, тэднийг устган сүйрүүлэхээр Пур буюу шавга орхин шодсон билээ.

25. Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой гэж үзэн, мөн түүнийг болоод хөвгүүдийг нь дүүжлүүрт дүүжлэх ёстой хэмээн захидлаар тушаав.

26. Тиймээс тэд энэхүү өдрүүдийг Пурын нэрээр Пурим хэмээн нэрлэв. Мөн энэ захидал дахь зааврууд буюу тэд энэ тухайд үзсэн болон тэдэнд тохиолдсон зүйлсээс болж

27. иудейчүүд өөрсдөдөө, өөрсдийн үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд жил бүрийн тогтоосон цаг болоод ёс журмынхаа дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд заншил болгон тогтоов.

28. Энэ өдрүүдийг үеийн үед гэр бүл, муж болон хот бүр дурсан санаж, тэмдэглэх ёстой. Пуримийн энэ өдрүүд нь иудейчүүдийн дунд тэмдэглэгдэхээ болих ч юм уу, эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй болов.

29. Тэгэхэд Абихаилын охин Естер хатан иудей Мордехаитай хамт бүрэн эрхтэйгээр энэ хоёр дахь захидлыг бичиж, Пуримийн тухай батлав.

бүрэн бүлгийг уншина уу Естер 9