Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Естер 9:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хааны тушаал, зарлигийг гүйцэтгэхэд бараг бэлэн болсон арван хоёрдугаар сарын (энэ нь Адар сар юм) арван гурав дахь өдөр, иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, иудейчүүд өөрсдийг нь үзэн ядагчдыг эзэгнэв.

2. Хаан Ахашверошийн бүх муж даяар иудейчүүд тус тусын хотуудад өөрсдийг нь хорлохыг хүсэгчдэд халдахаар цуглацгаасан бөгөөд хэн ч тэдний эсрэг зогсож чадсангүй. Учир нь тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмрөв.

3. Мужуудын бүх амбан захирагч, эрх баригчид, захирагчид болон хааны ажлыг гүйцэтгэж байсан хүмүүс хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаигаас айх айдас тэднийг нөмөрчээ.

4. Үнэхээр Мордехаи хааны өргөөнд нэртэй цуутай байсан бөгөөд түүний нэр алдар бүх муж даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи улам бүр нэртэй цуутай болов.

5. Тийнхүү иудейчүүд бүх дайснуудаа илдний ирээр хүйс тэмтрэн устгав. Тэд өөрсдийнхөө өшөөтнүүдийн эсрэг дураараа үйлдэв.

6. Нийслэл Сусад иудейчүүд таван зуун хүнийг алж устгав.

7. Мөн Паршандата, Далфон, Аспата,

8. Пората, Адалиа, Аридата,

9. Пармашта, Арисаи, Аридаи, болон Ваизата нарыг буюу

10. иудейчүүдийн дайсан Хаммедагийн хүү Хаманы арван хөвгүүнийг алсан боловч тэд олзонд гар эс хүрэв.

11. Тэр өдөр нийслэл Сусад алагдагсдын тоог хаанд мэдээлэв.

12. Тэгээд хаан хатан Естерт—Иудейчүүд нийслэл Сусад таван зуун хүнийг болон Хаманы арван хөвгүүнийг алсан байна. Тэгвэл тэд хааны бусад мужуудад юуг үйлдээд байгаа бол? Одоо чи юуг гуйх вэ? Энэ нь ч бас чамд өгөгдөнө. Чи өөр юуг хүсэх вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.

13. Тэгэхэд Естер—Хэрэв үүнийг хаан таалбал, өнөөдрийн зарлиг ёсоор үйлдэх нь маргааш мөн Сусад буй иудейчүүдэд зөвшөөрөгдөг. Хаманы арван хөвгүүн ч дүүжлүүрт дүүжлэгдэг гэж хэлэв.

14. Ингээд хаан тийнхүү үйлдэг хэмээн зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв.

15. Сусын иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдөр мөн цуглацгаан, Сусад гурван зуун хүнийг алсан боловч эд хөрөнгөнд нь гар хүрсэнгүй.

бүрэн бүлгийг уншина уу Естер 9