Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 50:4-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Гашуудлын хугацаа өнгөрмөгц Фараоны ордныхонд хандаж, Иосеф хэлсэн нь—Хэрэв би одоо та нарын таалалд нийцсэн бол та нар миний энэ үгийг Фараонд сонордуулж өгнө үү?

5. Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ “Үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!” гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ оршуулахыг болгооно уу? Би тэгээд эргэж ирье гэв.

6. Фараон—Эцэгтээ тангарагласан ёсоор, чи яваад эцгээ оршуул гэв.

7. Иосефыг эцгээ оршуулахаар явахад Фараоны бүх түшмэл, түүний ордны ихэс дээдэс, Египетийн бүх ихэс дээдэс,

8. мөн Иосефын бүх гэрийнхэн, түүний ах дүү нар, түүний эцгийн гэр бүлийнхэн түүнтэй хамт явжээ. Зөвхөн тэдний хүүхэд багачууд болон мал сүрэг нь Гошенд үлджээ.

9. Цэргийнхний тэрэг, морьтон бас Иосефыг дагалджээ. Тэр хэсэг нь маш олон хүн байжээ.

10. Тэд Иордан голын нөгөө эрэг дээр, Атадын үтрэм дээр хүрч ирэнгүүтээ чангаар уйлалдан, гүнээр эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ.

11. Тэнд оршин суугч канаанчууд Атадын үтрэм дээр болсон гашуудлыг хараад—Египетчүүдийн маш том гашуудал болж байна хэмээн ярилцацгаав. Тийм учраас Иордан голын нөгөө эргийн тэр газрыг Абел-мизраим хэмээн нэрлэх болжээ.

12. Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв.

13. Иаковын хөвгүүд эцгээ Канаан нутаг уруу авчраад, Мамрегийн өмнө орших Махпелагийн талбай дахь агуйд оршуулав. Тэр газрыг Абрахам хитчүүдийн Ефроноос талбайтай нь хамт худалдаж аваад, оршуулгын газар болгосон байв.

14. Иосеф эцгээ оршуулаад, хамт явсан ах дүү нар болон эцгийг нь оршуулахад явсан бусад бүх хүмүүстэй хамт Египетдээ буцаж иржээ.

15. Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад—Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав.

16. Тэгээд тэд Иосефт хэл дамжуулж—Эцэг чинь нас барахынхаа өмнө

17. “Ах нар чинь чамд гэм хорыг хийсэн боловч тэдний буруу нүглийг чи одоо уучлаарай гэж та нар Иосефт хэл” гэсэн учир та эцгийнхээ Бурханы зарц бидний гэм нүглийг одоо уучилна уу? гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод Иосеф уйлав.

18. Ах нар нь түүний өмнө очиж сөгдөн—Бид бол таны зарц нар гэсэнд

19. Иосеф тэдэнд хандаж—Битгий айцгаа. Би яахин Бурханыг орлож болох билээ?

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 50