Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 50:14-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Иосеф эцгээ оршуулаад, хамт явсан ах дүү нар болон эцгийг нь оршуулахад явсан бусад бүх хүмүүстэй хамт Египетдээ буцаж иржээ.

15. Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад—Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав.

16. Тэгээд тэд Иосефт хэл дамжуулж—Эцэг чинь нас барахынхаа өмнө

17. “Ах нар чинь чамд гэм хорыг хийсэн боловч тэдний буруу нүглийг чи одоо уучлаарай гэж та нар Иосефт хэл” гэсэн учир та эцгийнхээ Бурханы зарц бидний гэм нүглийг одоо уучилна уу? гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод Иосеф уйлав.

18. Ах нар нь түүний өмнө очиж сөгдөн—Бид бол таны зарц нар гэсэнд

19. Иосеф тэдэнд хандаж—Битгий айцгаа. Би яахин Бурханыг орлож болох билээ?

20. Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм.

21. Та нар одоо битгий айцгаа. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэн тэжээе гэж хэлээд, тэднийг тайвшруулж, нинжин сэтгэлээр ярилцав.

22. Иосеф эцгийнхээ гэр бүлийнхэнтэй хамт Египетэд суугаад зуун арван жил наслан,

23. Ефраимын хөвгүүдийн гурван үеийг үзэж, бас Манассегийн хүү Махирын хөвгүүд ч Иосефын өвөр дээр өсжээ.

24. Иосеф ах дүү нартаа хандаж—Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч очиж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд,

25. Иосеф бас Израилийн хүүхдүүдээр тангараглуулаад, хэлсэн нь—Бурхан та нарт заавал туслахаар ирнэ. Тэгээд та нар миний ясыг эндээс авч яваарай гэв.

26. Тэгээд Иосефыг зуун арван насандаа үхсэнд тэд түүний биенд гүгэл хийгээд, Египетэд авсалжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 50