Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 42:13-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэд—Таны зарц бид бол Канаан нутгийн нэг эцгийн хүүхдүүд бөгөөд ах дүү арван хоёулаа. Хамгийн отгон дүү маань аавтайгаа хамт байгаа. Нөгөө нэг нь алга болсон гэв.

14. Иосеф тэдэнд—Та нарыг туршуулууд гэж хэлсэн үг минь энэ.

15. Та нарыг ийм нэг зүйлээр сорьж үзье. Фараоны амийг барьж хэлье. Та нарын отгон дүү энд ирэхгүй бол та нар эндээс явж чадахгүй.

16. Та нар нэгийгээ илгээж, дүүгээ авчруул. Харин та нар энд хоригдох болно. Та нарын үгийг шалгаж, үнэнч эсэхийг чинь үзнэ. Фараоны амийг барьж тангараглая. Хэрэв тийм биш байвал та нар лавтайяа туршуул мөн байна гэв.

17. Тэгээд Иосеф тэднийг бүгдийг хамтад нь гурван хоног хорив.

18. Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд хандаж—Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.

19. Хэрэв та нар үнэнч шударга хүмүүс бол ах дүү нараасаа нэгийг шоронд үлдээгээд, бусад нь явж, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр орондоо хоол хүнс хүргэж өг.

20. Тэгээд отгон дүүгээ над уруу аваад ир. Тэгвэл та нарын үг үнэн болж, та нар үхэхгүй болно гэв. Тэгээд тэд тэр ёсоор хийжээ.

21. Тэд—Бид дүүгийнхээ явдлаас болж үнэхээр гэмтэн болцгоолоо. Түүнийг биднээс гуйхад нь сэтгэлийн зовлонг нь бид харсан хэдий ч, үгийг нь сонсоогүй учир тэр зовлон бидэнд ирж байна хэмээн өөр хоорондоо ярьцгаав.

22. Реубен бусдадаа—Тэр хүүхдэд битгий гэм хий гэж би та нарт хэлээгүй юү? Гэвч та нар сонсоогүй. Тиймээс одоо бид түүний цусны үнэ өртгийг төлөх болж байна хэмээн хэлжээ.

23. Тэд өөр хоорондоо хэлмэрчээр дамжуулан ярилцаж байсан учир Иосеф тэр үгийг нь ойлгосныг тэд мэдсэнгүй.

24. Иосеф тэднийг орхин гарч, уйлаад, дахин эргэн ирж, тэдэнтэй ярилцав. Иосеф тэдний дундаас Симеоныг барьж аваад, тэдний нүдний өмнө хүлж орхив.

25. Иосеф тэдний шуудайд үр тариа дүүргэж, хүн бүрийн өгсөн мөнгийг уутнуудад нь буцааж хийлгэн, тэдэнд замын хүнс өгөхийг тушаажээ. Түүнийг нь ёсоор болгов.

26. Тэгээд тэд үр тариагаа илжгэндээ ачаад, тэндээс хөдөлцгөөв.

27. Нэг нь буудалласан газартаа илжгэндээ тэжээл өгөхөөр уутныхаа амыг нээтэл уутных нь аман дээр өөрийнх нь мөнгө байхыг хараад,

28. ах дүү нартаа хандаж,—Миний мөнгийг буцааж өгсөн байна. Хараач! Миний уутанд байна гэсэнд хүн бүр айн чичирч, зүрх нь цохилон бие биедээ—Бурхан бидэнд юу хийх нь энэ вэ? гэцгээв.

29. Тэд Канаан нутагт буцаж, эцэг Иаковындаа хүрч ирээд, өөрсдөдөө учирсан бүхнийг ярьж өгөв.—

30. Тэр нутгийн эзэн нөгөө хүн бидэнд ширүүн хандаж, биднийг тэр улсын туршуул гэж хардсанд

31. бид түүнд хандан “Бид бол үнэнч шударга хүмүүс. Бид туршуул биш.

32. Бид нэг эцгийн хөвгүүд, ах дүүс арван хоёулаа юм. Нэг нь алга болсон, отгон дүү маань өнөөдөр Канаан нутагт аавтайгаа хамт байгаа” гэсэнд

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 42