Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 37:12-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Ах нар нь Шехемд очиж, эцгийнхээ хонийг хариулахаар явахад

13. Израиль Иосефт хандаж—Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир! Би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ—Тэгье гэжээ.

14. Израиль түүнд—Одоо чи яваад, ах нараа, бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзээд, надад эргэж хэл гээд, түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ. Тэрээр Шехемд ирэв.

15. Түүнийг хээр талд тэнэж явахад нь нэг хүн түүнтэй уулзаад, түүнээс—Чи юу эрж яваа юм бэ? хэмээн асуусанд

16. тэрээр—Би ах нараа эрж байна. Тэдний хаана хонио хариулж байгааг нь надад хэлж өгнө үү? гэсэнд

17. тэр хүн—Тэд эндээс явцгаасан. “Дотан уруу явцгаая” гэж тэдний хэлэлцэхийг нь би сонссон гэсэнд Иосеф ах нарынхаа хойноос явж, тэднийг Дотанаас олжээ.

18. Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ.

19. Тэд—Нөгөө зүүдлэгч ирж байна хэмээн бие биедээ хэлэв.—

20. За, одоо цөмөөрөө нааш ир! Түүнийг алж, энэ нүхнүүдийн нэгэнд хаяад, “Зэрлэг араатан түүнийг идсэн” гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэжээ.

21. Реубен үүнийг сонсоод, Иосефыг тэдний гараас аврахаар—Бид түүний амь насыг хорлохоо больцгооё гэв.

22. Реубен бас тэдэнд—Цус бүү урсга. Түүнийг цөлийн энэ нүхэнд хая. Харин түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэг уруу нь буцаах гэснийх ажээ.

23. Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц тэд, Иосефын дээл буюу өмссөн тансаг дээлийг нь тайлж,

24. түүнийг барьж аваад, нүхэнд шидэв. Тэр нүх нь дотроо усгүй хоосон байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 37